2011年3月9日星期三

Гэгээгийн сургамжит өгүүллэгүүд

Бид энэ удаа “Гэгээ” гадаад хэлний дээд сургуулийн оюутнуудын хичээл дээрээ үздэг богино өгүүллэгүүдээс та бүхний таашаалд сонирхуулж байна. Манай сургуулийн багш нар иймэрхүү өгүүллэгүүдийг “Хятадын залуучууд” зэрэг сэтгүүл дээрээс сонгон авч хичээлдээ өргөнөөр ашигладаг юм.

ОХИН ДҮҮГИЙН ХАЙРЫН ЗАХИА

Миний ихрийн өрөөсөн охин дүүг маань Ниша гэдэг. Ниша бид хоёр адилхан хүрэн шаргал бужгар үстэй, инээмсэглэх үед хацар маань хонхойдог, төрхгүй байдлыг илтгэх үл мэдэг шантгар хамартай, тунгалаг хөх нүдтэй гээд яриад байвал дүр төрхийн хувьд усны дусал мэт хэр баргийн хүн андуурам л даа. Аав ээж маань бид хоёрыг дээд тэнгэрийн хайрласан хамгийн эрхэм нандин эрдэнэ хэмээн үзэж олонхи ихэр хүүхэдтэй эцэг эхчүүдийн адил ав адил хувцсаар ижилсүүлэн гоёдог юм.
Гэхдээ ингэх нь миний хувьд хамгийн баларсан хэрэг болдог байв. Энэ хорвоо дээр өөртэй чинь ив ижилхэн хувцас хунар, үсний засалттай хүн гарч ирчихээд үргэлж өөрөөс чинь салахгүй хамт явдаг бол бусад хүмүүс хэн нь хэн болохыг ялгаж танихгүй бөөн яршигтай хэрэг болно гэдгийг та төвөггүй ойлгож байгаа биз дээ. За энэ ч яах вэ гэж бодоход хамгийн гол нь миний охин дүү Ниша надтай царай зүс дүр төрхөөр ижлээс бусдаар бол тэс өөрт хэргийн учир байгаа юм. Тэр гөжүүд ааштай, дэггүй, шалгалт болгон дээр ангидаа араасаа удаалдаг төдийгүй өдий бага юм байж бүр эрэгтэй найзтай болоод амжсан гээд та бодоод үз дээ. Харин би бол хичээл сурлага амьдралын хэвшлийн хувьд өөлөөд байх юмгүй сайн охин байгаа юм.
Нэг удаа баахан хүүхдүүд намайг явж байтал замд тааралдчихаад гараараа зааж чичлэн “Хөөе, та нар түүнийг харав уу? Нөгөө ангийн багшийнхаа өөдөөс хэдэрлэн цохиод авдаг Ниша гэдэг зартай охин чинь тэр шүү дээ.” гэдэг байгаа. Би өөрийгөө Ниша биш, Сантос болохыг хамаг байдгаараа учирлан хэлсэн боловч тэд итгэхийг ч хүсээгүй юм. Нэгэн орой нусгай юм байж архи үнэртүүлсэн нэг банди манай орцны үүдэн дээр намайг явуулахгүй ээрчихээд “Ниша чи яагаад надаас больчихоод тэр муу өөдгүй Торитой үерхэж байгаа юм бэ? ” гээд байхаар нь би өөрийгөө Ниша биш болохыг уйлан хайлан учирласан боловч тэр бас л итгэхгүй байснаар үл барам адаг сүүлд нь намайг хорсолтой нь аргагүй алгадаад авч байгаа юм даа. Товчоор хэлбэл надтай тохиолдож байгаа золгүй хэрэг бүхэн бусад хүн намайг Нишатай эндүүрснээс болдог байв. Энэ бүхний улмаас би нас нэмэх тусмаа охин дүүгээ улам бүр үзэн ядах болж аль болох хурдан түүний бараан сүүдрээс холдох юмсан гэж боддог байлаа. Яагаад гэвэл Сантос би Нишагаас тэс өөр хүн болохоор тэр л дээ.
Би хүний нүдэнд төлөв даруухан харагдуулахаар биед эвлэг бошинз үдээстэй шаахай өмсөж байя гэж ээжээсээ гуйдаг байв. “Цаад Ниша чинь угаас хурц тод өнгийн хувцсанд дуртай, тэгээд ч тэр үхэж байсан ч ширэн шаахай өмсөхгүй.” гэж ээж маань амыг маань тагладаг байлаа. Энэ болгонд ээж маань цаагуураа Нишагийн талд ороод байгаа мэт санагдаж уур хилэн маань өөрийн эрхгүй дотроо багтаж ядна. Нэгэн удаа “Би яахаараа заавал Нишатай адилхан хувцаслах хэрэгтэй гэж вэ? Би түүнтэй адилхан хувцасладагтаа ичиж үхэх шахах юм.” гэж бачимдан хашгирахад ээж маань цочсон байртай намайг харсанаа нэлээд бодол болсны эцэст миний шаардлагыг биелүүлэхээр болсон билээ. 14 нас хүрдэг жилийн зун би анх удаа өөрийн хүссэнээр хувцаслаж Нишагийн муу нөлөөнөөс ангижирсан юм. Би Нишагаас ондоо харагдах юм шүү гэсэндээ тэгэхээс тэг гэсэн шиг хондлой шүргэсэн урт үсээ дал мөрөө хүртэл богиносгон тайрууллаа. Хоног хугацаа өнгөрөх тусам хүмүүс аяндаа биднийг ялган таних болж үсээ задгай тавьж хурц тод өнгийн хувцас өмссөн нь сурлага гэж авах юмгүй танхай охин Ниша, харин түүнийг бодвол богино тайрмал үстэй, ногоон өнгийн урт банзалтай охин бол “Таван онцын эзэн” Сантос гэдгийг андахаа байцгаав.
Ниша миний шинэ хувцаслалтыг харчихаад өөрийн эрхгүй түсхийтэл инээд алдаж “Шал мангар хувцаслах юм.” гэж билээ. Харин би дотроо “Чамтай л андуурагдаж байхгүй бол би гуйлгачингийн төрхөнд хувирсан ч яадаг юм.” гэж бодож байв.
16 нас хүрдэг жил би ангийнхаа нэг хүүд сайн болчихоод удтал бодсоны эцэст түүнд хайрын захидал бичихээр шийдлээ. Тэр бол амьдралдаа анх удаа өөр хүнд сэтгэл алдарч байгаа минь бөгөөд уртаас урт хайрын захиан дундаа таван настай үеийнхээ зургийг хавчуулж нэр усаа ч бичилгүй шуудангаар явуулчихав. Юмыг яаж мэдэх вэ, тэр зөвшөөрөөгүй хариу өгөх юм бол би бичсэн юм шүү гэдгээ нуух гэж ийм ядмагхан арга хэрэглэсэн хэрэг л дээ.
Тэр сэтгэлээ илчилсэний минь хариуг өгөлгүй таг чиг болчих вий гэдгээс хамгийн ихээр айж байв. Гэтэл дараачийн өдөр түүнээс ч долоон доор юм болсон нь юу гэвэл үд дундын их завсарлагын үеэр мань хүн том том алхлан самбарын өмнө гарч ирээд ангийнхны дунд миний хайрын захиаг өндөр дуугаар уншиж гардаг байгаа. Түүнийг захидал задлах үеэр захидалд хавчуулсан таван настай үеийн зураг маань газар унасныг эхний ширээний хүүхэд шүүрэн авав. Би таван настай үеийн зургаар маань тэд намайг бичсэн гэдгийг мэдэхгүй гэж аргаа барсан хариугүй бодлоор өөрийгөө хуурахчаа аядаж байтал нөгөө муу чинь цэгцтэй цэвэрхэн бичсэн хайрын захидлыг өндрөөс өндөрт өргөн нийтэд харуулсан нь намайг хаашаа ч гарах гарцгүй болгож орхив. Миний нэр төрөө эрхэмлэх сэтгэл агшин зуурын төдийд шороотой холилдох шиг болж болдогсон бол газрын гаваар шурган ормоор санагдаж байлаа. Энэ үеэр ангийн хамгийн арын ширээнд сууж байсан Ниша ухасхийн босож ирээд самбарын өмнө очиж нөгөө өөдгүй амьтны гараас захидал зураг хоёрыг шүүрэн авч тасхийтэл алгадаж орхих нь тэр. Дараа нь охин дүү маань бусдыг голоосоо үзэн ядах үедээ гаргадаг араншин нь болох эрхий хуруугаа гозойлгосоноо газар руу зааж мөнөөх өөдгүй амьтанд хандан “Би чам шиг адгийн шаарыг далдуур хайрлаж явсаныхаа төлөө үнэн голоосоо ичиж байна!” гээд хэлээд тавьчихав.
Нишагийн энэ богино хугацаанд хийсэн үйл хөдлөл бүхэн манай ангийнхныг ёстой нэг алмайруулж орхилоо. Бичиг гэж авах юмгүй мань хүнийг ийм цэвэр сайхан хайрын захидал бичнэ гэж хэн санах билээ дээ. Харин Ниша тэр бүхний хариуд огтхон ч цочирдсонгүй багшийн сандал дээр лагхийтэл суух зуур “Та бүхнээс нуух юу байх билээ, би арван фүнт стерлингээр өөрийн онц сурлагатан эгчийг хахуульдаж байгаад энэ захидлыг ийм гоё бичүүлсэн юм л даа. Эгч маань угаасаа би гэж бүтэлгүй амьтны ёсгүй шаардлагыг няцааж байсан удаа үгүй гэдгийг та бүхэн мэднэ.” хэмээн ангийнхандаа хээвнэг зарлав. Түүнийг ийм үнэмшилтэй ярихыг хараад манай ангийнханд эргэлзсэн хүн ганц ч гарсангүй. Ниша маань өөрийн ихрийн өрөөсөн эгчийнхээ түүнд учруулсан ичгүүрийг ийнхүү цээжээрээ хамгаалан өнгөрөөж байхад түүний эгч Сантост тийм зориг зүрх үгүй байлаа.
Харин би түмэнтэйеэ ичингүйрч доош тонгойх зуур надтай ив ижилхэн төрсөн мөнөөх зоримог охинд хандан сэтгэл зүрхнийхээ угаас “Энэ өдрөөс хойш би чамтай ав адилхан хувцаслаж, үсээ ижилхэн засуулж байя. Бидэн хоёрыг ижил төрхтэй болгож ихэр одонд төрүүлсэн дээд тэнгэр чамдаа баярлалаа. Ийм дүүтэйгээ хамт хүний амьдралын жаргал зовлон хосолсон он жилүүдийг туулахад юунаас айх билээ.” хэмээн дотроо шивнэн суусан билээ.

ЭЦГИЙН ХАЙР

Энэ бол өнгөрсөн зууны далаад оны сүүлчээр болсон хэрэг явдал юм. Тэр үед ах бид хоёр сургуульд ч ороогүй тоглохоос өөр юм мэддэггүй нусгай амьтад байж дээ. Манайх гэдэг айл тарчиг ядуу байсан болохоор насан бага бид хоёр өдөр хоногуудыг өлөн зэлмүүхэн өнгөрөөдөг байв. Өглөө оройгүй ёс юм шиг хар гурилын боовыг газрын гуаны голоор амталж идэх нь сүүлдээ бүр ой гутмаар санагддаг байвч өөр арга байхгүй тул ах бид хоёр өл залгах төдийхөн хоолноос өөр аятайхан амттан олдох нь уу гэж өлөв долов хийсээр өдөр хоногийг үднэ. Харин аавын маань иддэг бууз бидний хувьд ёстой л оронд нь нүдээ ухаад өгчихөөс буцмааргүй таван тансагийн дээд мэт санагддагсан.
Аав маань чулуучин хүн болохоор гэрээсээ арван таван километр зайтай том уулнаа очиж чулуу бутладаг байлаа. Өглөө болгон хар өглөөгүүр аав маань манай гэрийн цорын ганц хөл дүүжлэх унаа болох ямбий дугуйгаа унаж аваад ажилдаа гарах бөгөөд орой мөн түүгээрээ эргэж ирнэ. Ээж маань хар үүрээр эртлэн босож амь шигээ нандигнах гурилын уутны ёроолыг тэмтчин атга хар гурил гаргаж ирээд тосон дэнгийн гэрэлд аавд зориулан хоёрхон ширхэг бууз чимхээд жигнэж өгнө. “Бууз” л нэртэй болохоос биш махны үртэс ч байхгүй, жаахан байцааны татшин дээр хоёр дусал гахайн тос дусааж амталсан хар гурилдаа чимхсэн төдийхөн, ёстой л нэг буузны нэрийг гутаасан эд байсан даа.
Тэр хоёр бууз уг нь аавын маань үдийн хоол болох учиртай байсан юм. Аав өглөөний цай уулгүй яваад өдөр нөгөө хоёр буузаараа өл залгаж орой гэртээ ирээд сая нэг жинхэнэ хоолтойгоо залгадаг байв. Аавын бие барагтайхайн болохоор ханиалгана гэж жигтэйхэн. Дээр нь өдөр болгон хорин таван килограммын хүнд жинтэй лантууг хэдэн мянган удаа далайж буулгана. Тийм байтал мөнөөх хоёр буузанцар нь аавд маань хүнд лантууг өдөржин далайж буулгах хүч тэнхэл өгч чадах эсэх нь тодорхойгүй байтал мань хүн харин ч нөгөө хоёрыгоо идэлгүй ах бид хоёрт авчирч өгдөг байсан юм.
Ах бид хоёр ээжид баригдаж зэмлүүлэхгүй нөгөө хоёр буузаа аятайхан олоод хүртчих санаатай өдөр болгон тогтсон цагт тосгоны хаяанд очоод эцгийгээ угтацгаадаг байлаа. Ямбий дугуй нь тачигнасаар аавын маань сэтгэлд бүгээхэн танил дүр ойртон тодроход бид хоёр ч хөөр баярын дуу хадаан гүйн очицгооно. Энэ үед аав маань инээмсэглэн өврөөсөө өдрийн хоол нь болох учиртай байсан хоёр буузыг гарган бид хоёрт нэг нэгээр нь өгнө.
Тэр бууз хэдийгээр тийм амттай биш боловч өлөн ховдог бид хоёрын ходоодны хорхойг нэг л хэсэгтээ сайн дарах тул ах бихоёр хэд хазлаад гүд гүд хийтэл залгичихдаг байлаа. Харин аав хажууд маань хайр энэрэл гэрэлтсэн харцаар биднийг харан зогсож л байна.
Ийм маягийн амьдрал хэдийгээр хоёр жил үргэлжилсэн боловч энэ хэрэг зөвхөн бид гурвын хоорондын нууц байсаар өнгөрсөн юм. Ээж маань хар үүрээр эртлэн босож хоёр буузаа хийсээр байсан боловч үнэн хэрэг дээрээ ах бид хоёрын нүдний хор ходоодны хорхойг дарах зууш болон хувирдаг байлаа.
Яваандаа манайх хоол бүр дээрээ цагаан гурил иддэг болж ах бид хоёр ч тэгтлээ шүлхтэхээ байсан тул мөнөөх хоёр бууз эргээд аавын мэдэлд очсон юм даг. Тэр үед ах бид хоёр сургуулийн сурагчид болсон байлаа.
Эр өсөж эсгий сунадаг болохоор ах бид хоёр ч дээд сургуульд элсэн орж төгсөөд хотод боломжийн ажилд орцгоосон юм. Гэвч хүүхэд ахуй цагийн мөнөөх зурвасхан дурсамж ханын мухарт шигдсэн хүрэлзгэнэ жирхрэх мэт сэтгэлийн утсыг үе үехэн чимчигнүүлнэ. Түүнээс улбаалан би олон жилийн турш аавынхаа өмнө буруутан мэт санагддаг байв.
Адаг сүүлд нь энэ жил цагаалахаар гэртээ ирэх үедээ аавтайгаа урьдын тэр явдлыг ярьтал эцэг маань харин өдий хүртэл тээсээр ирсэн өөр нэгэн сэтгэлийн хөндүүрээ дэлгэдэг байгаа. Аавын ярихаар бол хэрэг дээрээ мань хүн тэр үед ажлын талбартаа өдрийн хоол иддэг байсан юм байж л дээ. Өдрийн хоол ч юу байхав хар гурилын хатуу боовоор өл залгуулдаг байсан юм санж. Гэтэл нэг өдөр ажилдаа улайрч байгаад өдрийн хоолны цагаа өнгөрөөчихсөн тул нөгөө хар гурилын боов нь ч зарагдаж дуусаад, өлсөх гэдэг өвдөх шиг болохын эрхээр арга буюу өөртөө ноогдох учиртай мөнөөх хоёр буузыг идэж орхижээ. Орой нь аавыг ажлаасаа тараад ирэхэд ах бид хоёр ч яах вэ сурсан зангаараа тосгоны захад хүлээж байгаад барааг нь харангуут “Аав ирлээ, аав ирлээ” гэж хашгирцгаан өөдөөс нь тосон гүйж очсон байлгүй яагаа аж. Тэр агшинд аав эвгүйцсэндээ хий дэмий л гараа үрчин хоёр бяцхан үрийнхээ өчүүхэн хүслийг гүйцэлдүүлж чадаагүйдээ сэтгэл нь маш их шимширсэн ажээ.
“Би тэгэхэд тэр хоёр буузыг идэлгүй тэвчээд л гэртээ харьчих минь яалаа даа? Тэр үед та хоёрын сэтгэл гонсгор байхыг хараад би хариугүй нулимс унагах шахаж билээ.” гэж ярихдаа аавын маань хоолой цахиртаж байв.
Энэ хэргийн төлөө, эцгийн үүргээ сайтар гүйцэтгэлгүй насан балчир үрсдээ хорвоогийн хатуу хүтүүг амсуулж байсныхаа төлөө хорин жилийн турш сэтгэл хөндүүрлэн явсанаа аав маань тэгэхэд л нэг дэлгэн ярьсан юм.
Үнэн хэрэг дээрээ тэр болсон явдлын тухай ах бид хоёр аль хэдийн мартаж орхисон байлаа. Магадгүй тэр үед бид хоёр маш их сэтгэл гонсгор байсан ч байж мэдэх юм. Гэхдээ энэ хорвоо дээр ховдог зангаасаа болж төрсөн эцэгтээ хорсон гомдож явдаг үр хүүхэд гэж хэзээ л байлаа даа? Харин өдгөө надад балчир насны минь гэнэн томоогүй зан л тодоос тод санагддаг юм. Ачир дээрээ бол тэр хоёр буузтай буузгүй бид болоод л байх байсан. Гэтэл харин аав маань бяцхан үрс биднийхээ хүслийг ганц удаа гүйцэлдүүлж чадаагүйн төлөө бүхэл бүтэн хорин жилийн турш шаналж явсан байдаг.
Тэр удаа би харин ёстой уйлсан юм. Тийм ээ, уул мэт ханхайх сайхан эцгийнхээ хайранд уясан уйлсан юм.

1 条评论:

  1. Та бөөрийг худалдахыг хүсч байна уу?
    Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу?
    Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж,
    имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM
    whatsapp: 15733337443
    Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу?
    Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу?
    Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802.
    เว็บไซต์: www.drpradhanurologist.com

    回复删除