2011年3月9日星期三

Болдбаатар: Күнзийн суртлыг хүчтэй шүүмжилсэн "Чонон сүлд" романыг хятадууд шимтэн уншиж байна



Хятадын нэрт зохиолч Зян Рунгийн “Чонон сүлд” роман монгол хэл дээр хэвлэгдэн гараад удаагүй байна. Уг ном уншигчдын сонирхлыг ихэд татаж байгаа бөгөөд богино хугацаанд хамгийн их борлуулалттай номын жагсаалтыг тэргүүлэх болжээ. “Чонон сүлд” номын орчуулагч, доктор, профессор Доржсүрэнгийн Болдбаатартай ярилцлаа.

-Орчуулсан Доржсүрэнгийн Болдбаатар гээд л олон киноны төгсгөлд таны нэрийг сонсдог. Харин энэ удаа та манай уншигчдад өөрийгөө товч танилцуулахгүй юу?
-Би “Гэгээ” гадаад хэлний дээд сургуулийн зөвлөх багшийн албыг хашдаг. Сүүлийн жилүүдэд Монгол, Хятадын харилцаа эрчимтэй хөгжиж байгааг дагалдаад манай улсад хятад хэлийг сонирхон суралцах хүсэлтэй хүүхэд залуусын тоо ихээхэн нэмэгдэж байна. Манай уул уурхайн бүтээгдэхүүний экспортын гол зах зээл нь Хятад улс гэдгийг та бүхэн мэдэж байгаа.

Энэ тохиолдолд сайтар мэргэшсэн хятад хэлний орчуулагчдын эрэлт хэрэгцээ маш их байна. Би гэр бүлийнхээ хүнтэй энэ байдлыг харгалзан үзэж 2000 оны эхээр тус сургуулийг үүсгэн байгуулсан. Өөрийн зав чөлөөгөөр “Хуаньжу гэг”, “Чингис хаан” зэрэг нийт 1200 гаруй анги кино орчуулж, хятад, англи, япон хэлний толь бичгүүдийг эрхлэн хэвлүүлээд байна. Өнөөдөр миний сүүлийн үед хийж амжуулсан бүтээлүүдийн нэг болох “Чонон сүлд” романы нээлт саяхан болсонд уран бүтээлчийн хувьд их баяртай байна.

-Зян Рунгийн “Чонон сүлд” номыг орчуулах тухай санаа хэрхэн төрөв. Сүүлийн үед уран зохиолын ном бичиж, орчуулаад төдийлөн ашиг байдаггүй гэсэн яриа манай зохиолчдын дунд байдаг шүү дээ?
-2004 оны сүүлчээр Хятад даяар уг ном маш их шуугиан тарьсан л даа. Би өөрийн зав чөлөөгөөр Хятадын нийгэмд болж байгаа үйл явдлыг анхаарч сонирхож байдаг хүн. “Чонон сүлд” ном хэвлэгдээд удаагүй байтал “Тус ном сарын хугацаанд 50 мянган хувь зарагдлаа.”, “Хэвлэгдэн гараад дөрвөн өдрийн дараа хуурамч ном хэвлэгдлээ.”, “Жун Нань Хай ордныхон буюу Хятадын төрийн томчууд бүгд нэг нэгийг гараасаа салгахгүй уншиж байна” гэх зэргээр Хятадын хэвлэлээр шуугиад эхэлсэн. Тэгээд хятад судлаач хүний хувьд нэг хувийг олж аваад уншсан чинь тун өвөрмөц бүтээл болсон нь илт байсан л даа.

-Өмнө нь монголчуудын тухай гадаадын олон зохиолч бичиж байсан. Зян Рунгийн роман тэдгээрээс юугаараа онцлог байв?
-Юуны өмнө тус номын зохиолч арав гаруй жил Өвөрмонголын Зүүн үзэмчин хошуунд дээхнэ үед манайд ч байсан илгээлтийн эзэн болж очоод дөрвөн нөхрийн хамт хонь хариулж байх зуур ажиглаж мэдсэн зүйлээ, монголчууд хэдэн арван мянган жилийн турш чоныг өөрсдийн өвөг дээдсээ хэмээн шүтэж, тахин, түүнээс суралцаж байсан нь амьдрал ахуй, зан заншилд нь нэвт шингэж ирсэн зэргийг уран сайхны аргаар онц сонирхолтой үзүүлснээрээ онцлогтой юм. Би уншсан даруйдаа уг номыг орчуулах санаа төрсөн боловч зохиолчтой холбоо барьж оюуны өмчийн хувьд асуудлыг нь зүй зохистой шийдэх боломж гаралгүй өдий хүрсэн гэж болно. Харин энэ оны эхээр Дэлхийн банкны байгаль орчныг хамгаалах төслийнхөн надад уг номыг орчуулах уу гэж албан ёсны санал тавьсан нь ёстой загатнасан газар маажих шиг болж, ажилдаа шуурхайлан орсоны үр дүнд монгол уншигчдын хүртээл болж байна.

-Энэ номыг орчуулж байх явцад ямар бэрхшээл тулгарч байв?
-Бэрхшээлийн тухайд гэвэл мэдээжийн хэрэг маш нягт нарийн ур шингэсэн бүтээл болохоор туйлын амаргүй ажил байсан. Хоёрдугаарт, уг бүтээл орчуулагдсан дэлхийн гуч гаруй үндэстний орчуулагчдын дунд хамгийн хүнд үүрэг оногдсон нь би байсан болов уу гэдэгт эргэлзэхгүй байна. Монголчуудын тухай, монгол чонын тухай уг бүтээлийг хятад хэлнээс монгол хэл рүү орчуулах болсон гэдэг утгаар ярьж байна л даа. Тийм болохоор тун сайн орчуулах хэрэгтэй гэдэг хатуу шаардлагыг өөртөө тавьж ажилласан.

-Зохиолч Зян Рун гэж ямар хүн байдаг вэ. Үүнээс өөр ямар алдартай зохиол бичиж байсан бол. Та зохиолчтой уулзаж учирч байв уу?
-Зян Рун зохиолч тун нууцлагдмал хүн гэдгийг хятадын хэвлэлүүд байнга бичдэг. Тус ном хэдийгээр Хятад төдийгүй дэлхийн олон оронд их алдаршаад байгаа боловч зохиолч нь ямарваа олон нийтийн арга хэмжээнд бараг оролцдоггүй, гол төлөв суудал нь хоосон байдаг гэсэн. Өнгөрсөн жилийн зун Монголд айлчлах үеэр нь би энэ чиглэлээр ажиллаж эхлээгүй байсан болохоор бас уулзаж чадаагүй явуулсан. Гэхдээ номын орчуулга дууссаны дараа бидэнд халуун дулаан үгтэй захиа ирүүлсэн. Сая нээлтийн арга хэмжээний үеэр надад талархлын халуун дулаан үгс болон гарын үсгээ зурсан нэг хувь ном ирүүлсэн нь миний хувьд их том бэлэг болоод байна.

Сүүлийн үед “Хятадын залуучууд”, “Өмнөд Хятадын долоо хоног” сонинуудад өгсөн томоохон ярилцлагуудаас нь харахад сэтгэл зүрхээ монгол ахуй, соёлд бүрэн зориулсан хүн болох нь нэвт шувт ажиглагдаж байна лээ. Тухайлбал, тэр ярилцлагууддаа “Үнэндээ би Өвөрмонголоос Бээжинд эргэж ирснээс хойш хятад ахуй соёлдоо идээшин уусаж чадахаа байсныг ойлгосон. Жирийн хятад хүмүүс тэр ч байтугай миний хамгийн ойр дотны хуучин анд нөхөд маань хүртэл монголчуудтай харьцуулах юм бол нэг л сэтгэлээсээ биш ч юм шиг санагдаад байдаг гэвэл та итгэх үү. Харин хуучин монгол найз нөхдийнхөө дунд очихоор л жинхэнэ өөрийгөө олох шиг санагддаг” гэж ярьсан байна лээ.

Зохиолч Зян Рун өөрийн “Чонон сүлд” зохиол болон дээрх хандлагуудаасаа болоод хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарим үед айхтар шүүмжлүүлж байгаа л даа. Тухайлбал, “Чонон сүлд гэж үнэндээ зохиомол зүйл”, “Уг зохиолоороо дамжуулан фашист үзлийг сурталчилж хятад соёлыг уландаа гишгэсэн” гэх мэтээр. Гэхдээ өргөн олон уншигчид маш халуун талархалтай хүлээн авч, “Эрин зууны гайхамшигт бүтээл” гэж нийтээр өргөмжлөн нэрлэх болсон.

-Зохиолч өөрийн амьдралыг уран сайхны аргаар тус зохиолд дүрсэлсэн мэт санагдсан л даа. Энэ тухай та жаахан тодруулахгүй юу?
-Уг зохиолын гол баатар Чэнь Жэнь болон Билиг өвгөн, Бат, Галсмаа зэрэг нь бүгдээрээ бодит хүмүүс гэж дуулсан. Чэнь Жэньгийн дотны анд Ян Кө ч гэсэн Бээжин хотод алдартай уран зураач байдаг тухай Хятадын хэвлэлд бичсэн байна лээ.

-Энэ ном дэлхийн бусад хэлүүд дээр бараг бүгдэд нь “Чонон тотем” гэдэг нэрээр орчуулагдсан. Харин ганц өөр нэрээр хэвлэгдсэн нь монгол орчуулга байх. Монголчуудын өвөг шүтлэг байж мэдэх чонон сүлд хэмээх ухагдахууны талаар та юу хэлэх бол?
-Энэ ном монгол ахуй соёлыг дэлхий дахинаа үнэ төлбөргүй сурталчилж өгсөн маш буянтай ажил болсон гэдэгтэй хэр баргийн хүн маргахгүй байх аа. Нөгөө талаар сүүлийн үед манайд ажиллах хүчний шугамаар хүрэлцэн ирсэн хятад ажилчид, хөдөө хотгүй багагүй хэл ам тарьдаг л даа. Адгийн наад зах нь нохой, тагтаа алж хоолондоо хэрэглэж байгаа тухай ам дамжин ярьдаг шүү дээ. Тэгвэл яг ийм үйл явдал одоогоос дөчөөд жилийн өмнө Өвөрмонголын уудам талд болж байсан түүх манайд давтагдаж байна шүү дээ.

Магадгүй уг номын эсрэг дүр болох Бао Шүнь Гүй, Ван даамал зэрэг нөхөд ноос ноолуурын худалдаачин, арьс ширний үйлдвэрийн эзэд болчихсон манай энд цохиж яваа ч юм бил үү гэсэн бодол “Чонон сүлд”-ийг уншиж байх явцад цөөнгүй уншигчид төрсөн болов уу. Энэ ном монголчуудын тухай эерэг зөв сайхан төсөөллийг Хятад төдийгүй дэлхий дахинд түгээж чадсантай адил манай монголчууд ч гэсэн хятадуудыг зөв талаас нь ойлгоход “Чонон сүлд” роман их тустай ч байж мэднэ. Би “Чонон сүлд”-ийг орчуулахдаа эхлээд нэрийн учир утгыг нарийн судлаж үзсэн л дээ. “Тотем” гэдэг нь сүлд гэсэн утгатай индиан үг юм билээ. Тэгэхээр монгол ахуй соёлын тухай романыг орчуулахдаа монгол хэлэнд байдаггүй энэ үгийг хэрэглэх нь зохимжгүй гэдэг үүднээс “Чонон сүлд” нэрийг оноосон нь хүмүүст харин хурдан хүрч байх шиг байна.

“Чонон сүлд” гэдэг ухагдахууны тухайд гэвэл би зохиолч Зян Рунгийн өөрийн үгээр илэрхийлбэл дээр болов уу гэж бодож байна. “Эртний Цуань Рун болон Хүннү зэрэг гарамгай үндэстнүүд л чонон сүлдийг буй болгож хойч үедээ өвлүүлсэн... Чонон сүлд гэдэг бол арав, зуу, мянга, түмийн эсрэг ганцаараа тэмцэж чадах оюун санааны хүчийг хэлж байгаа юм... Чонон сүлд бол тал нутгийн их амийг хамгаалах сүлд, ер нь ч энэ хорвоод их амь нь бага амиа захирч, тэнгэрийн бошго хүний амийг эрхшээж байдаг. Тиймдээ ч Монголын чонон сүлд хэмээх үзэл нь нийт хүн төрөлхтний оюуны нандин өв билээ”.

Зохиолч ийнхүү Монголчуудын энэ нандин өв болсон чонон сүлдийн гүн ухааныг дэлхий дахинд хүчтэй зарлан тунхаглаж чадлаа. Тэгвэл энэ нандин өвийн эзэн болсон бид бүхэн түүнийг гүнзгийрүүлэн судлах ажлыг тал нутгийн “их амь бага амь” буюу сав шим ертөнцийн шүтэн барилдлагын гол сэжим болсон талын хөх чоныг байх ёстой зүй ёсных нь байранд тавихаас эхлэмээр санагдаж байна.

-Энэ номонд Хятадын соёл, ялангуяа Күнзийн суртлыг зарим талаар муушааж, дорд үзсэн хандлага цөөнгүй цухалздаг. Энэ бүхнийг хятад уншигчид хэрхэн хүлээн авч байна вэ?
-Уг зохиолд “Чонон сүлд үнэндээ Хятадын Күнзийн суртлаас өнө эртний уг сурвалжтай болохоор байгалийн залгамж чанар, амьдрах хүчтэй байж таарна. Тухайлбал Күнзийн суртлын үзэл санааны тогтолцоон дахь “Гурван хэлхээ таван ашдыг” аваад үзэхэд тэрхүү ухагдахуунууд одоо аль эрт хуучран үеэ өнгөрөөгөөд байна” гэх буюу үүнээс ч илүү хатуу ширүүн хэлсэн хэсгүүд цөөнгүй тохиолддог л доо. Гэтэл Хятадын нийгэм, тэр ч байтугай төр засгийн удирдлагууд нь хүртэл шимтэн уншиж байна гэдэг бол нэг талаар тус оронд нийгмийн сэтгэлгээний олон ургальч байдал болон хэвлэлийн эрх чөлөө зөв тийш явж байгаагийн нэг илрэл яах аргагүй мөн.

Түүнчлэн зохиолч хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Бид Олонбулагийн талд хонь хариулж явахдаа Америкийн дуу хоолой, Дойче Вилле зэрэг радио нэвтрүүлгийг байнга сонсдог байсан” гэж ярьсан байна лээ. Бидний сайн мэдэх хуучин социалист нийгэмд ийм хандлага гаргавал яах байсан нь ойлгомжтой. Нөгөө талаар өрнө дорны уламжлалт нийгмийн сэтгэлгээ, гүн ухаан урт удаан жилийн туршид үүргээ гүйцэтгэж дуусаад зарим талаар шинэ нөхцөл байдалд тэр болгон дасан зохицох чадваргүй болоод байгаа өнөө үед тэдний хувьд цоо шинэ зүйл болох “Чонон сүлд” хэмээх ухагдахууныг зохиолч гарган тавьсан нь гадаадын уншигчдын таашаалыг ихэд хүлээх өөр нэгэн шалтаг болохыг үгүйсгэх аргагүй юм.

-Тэгвэл энэ номыг манай монгол уншигчид хэр зэрэг хүлээн авч байна вэ?
-Би борлуулалтын нарийн ширийнийг мэдэхгүй л дээ. Нийгмийн оюунлаг давхаргынхан түлхүү уншиж байгаа юм уу гэсэн байдал ажиглагдаж байгаа. Харин танай сонины хуудсаар дамжуулан нэг зүйлийг залруулахад хэвлэлийн газраас орчуулагчийн зөвшөөрөлгүй зарим нэгэн засвар хийсэн нь маш бүдүүлэг алдаа болон хувирснаас цөөнгүй уншигч надад хандах боллоо. Тухайлбал, уг номын 19 дүгээр бүлэгт өлөгчин чоно агуйн хад чулуунд дарагдан үхэхэд гол баатар Ян Кө татсан тамхиныхаа утааг дээш харуулан хатгаж “Хүж” болгон сүнсийг нь тахиж байгаа хэсгийг “Чонын толгойг дээш харуулан” гэж дур мэдэн засаад ямар ч авцалдаагүй болгочихсон байна лээ.

Түүнчлэн “Яахин” гэдэг үгийг “Яахан”, “Айхтар анчин” гэдэг үгийг “Айхавтар анчин” гэх мэтээр надтай зөвшилцөлгүй дур мэдэн зассан нь зохиолчийн эрхэнд бүдүүлгээр халдсан хэрэг юм л даа. Иймэрхүү алдааг олж ажигласан уншигч байвал орчуулагч надтай хамаагүй тус хэвлэлийн газрын хариуцлагагүй ажилтны буруу ташаа үйлдэл гэдгийг болгоогоорой гэж хэлэх байна.

-Та “Чингис хаан”-аас хойш бараг кино орчуулаагүй санагдана. Энэ чиглэлээр ямар уран бүтээл хийж байна вэ?
-Нээрэн “Чингис хаан”-аас хойш кино орчуулаагүй шүү. Уг нь Хятадад маш сайн телевизийн кинонууд гарч байгаа л даа. Манай сургуулийн энэ жилийн төгсөх курсийн оюутан Золжаргал гэдэг охин ТВ-9 телевизээр сүүлийн үед гараад байгаа хятад кинонуудыг орчуулж байгаа. Өнгөрсөн хавар л гэхэд зуу гаруй анги кино орчуулсан нь үзэгчдийн зүгээс маш сайн үнэлгээ авсан. Одоо бас хоёр охиныг энэ чиглэлээр бэлтгэж байна. Гол нь кино орчуулах зав чөлөө бараг байхгүй болчихлоо л доо. Харин “Чингис хаан” кино анх роман байсан юм.

Түүнийг орчуулаад бараг дуусч байна. Ирэх жил эзэн Чингис хааны эснэсний 850 жилийн ой болно. Богд эзнийхээ эснэсний ойд энэ бүтээлээ зориулж байна. Түүнчлэн уншигч олондоо дуулгах өөр нэгэн баярт мэдээ гэвэл манай үзэгчдийн сайн мэдэх “Хуаньжу гэг” кино ирэх оны эхээр цэнхэр дэлгэцээр гарахад бэлэн болоод байна. Түүнийг хүүхэд залуустаа зориулан ТВ-9 телевизээр гаргахаар удирдлагуудтай нь ярьж тохирчихоод байгаа. Миний орчуулсан “Чонон сүлд” роман арай товч хувилбар нь юм шүү дээ. Харин дэлгэрэнгүй хувилбар дээрээ Чэнь Жэнь хуучин монгол анд нөхөдтэйгөө уулзчихаад Бээжин рүү буцах замдаа хээр бууж Ян Көтэй “Чонон сүлд” гэж чухам юу болох талаар өөрийн бичсэн диссертацийн гол санааг ярьж байгаа зэрэг хэсгүүдийг багтаасан байдаг.

Өөрөөр хэлбэл “Чонон сүлд” гэсэн ухагдахууны тухай зохиолч тэр хэсэгтээ маш нарийн дэлгэрэнгүй гаргасан гэсэн үг. Хэрвээ тэр бүхнийг орчуулна гэвэл манайд сая хэвлэгдсэн эхээс 40 мянган ханз үсгээр илүү агуулгыг багтаасан болохоор бас л нүсэр ажил болж таарна. Сүүлийн үед “Чонон сүлд”-ийн хүүхэд залууст зориулсан хялбаршуулсан хувилбар болох “Бэлтрэг минь” гэдэг ном бас л эрэлттэй номын тоонд орчихсон байна лээ. Түүнийг орчуулах ажил ойрын үеийн төлөвлөгөөнд минь байгаа.

-Таны орчуулгууд дундаас хамгийн хайртай, гол бүтээлийн чинь тоонд “Чонон сүлд” орох болов уу гэж санагдлаа?
-Уран бүтээлч хүний хувьд тэр нь муу болсон гээд хэлчихэд амаргүй байдагтай адилхан хамгийн гол бүтээлээ нэрлэ гэвэл бас л хэцүү хэрэг байдаг. Гэхдээ би хэдэн гайгүй оюутан бэлтгэн гаргаад тэд маань тун чамбай орчуулагч нар болох чигтэй байгааг л өөрийнхөө хамгийн том “уран бүтээл” гэж боддог доо.

-Таны ярианаас ажиглахад уран зохиол, киноны орчуулга, толь бичиг, сурах бичиг зохиох болон гадаад хэлний сургалт гэсэн маш өргөн хүрээтэй ажилладаг болох нь ойлгогдож байна л даа. Энэ бүхнийг яаж амжуулж байна вэ?
-“Хуаньжу Гэг”, “Цаст уулын нисдэг үнэг”, “Чингис хаан” зэрэг кинонууд болон сүүлд хэвлэгдэн гарсан “Чонон сүлд” роман богинохон хугацаанд үзэгч, уншигчдын таашаал хүртсэн бүтээл болж байгаа нь энэ чиглэлээр дагнан ажилласан бол бас ч гэж чамгүй амжилтад хүрч болох юм шиг санагддаг. Гэвч тэр болгоныг хойш тавиад гадаад хэлний сургалтад бүхнийгээ зориулахаар тууштай шийдсэн нь миний амьдралын утга учир, урсгасан хөлс хүчний эцсийн үр шимийг үзэх нь туйлын зорилго маань болчихоод байна. Хичээл зүтгэл маань ч талаар болсонгүй, сүүлийн үед манай оюутнууд чамгүй амжилт гаргах боллоо. Дээд боловсролын байгууллагын ажлын үр дүнг төгсөгчид ажлын байраар хэр зэрэг найдвартай хангагдаж байгаа гэдэг үзүүлэлтээс харж болох юм.

Тэгвэл манай сургуулийн зуугаад оюутны хувьд төгсөгчид байтугай төгсөх ахлах курсийн сайн оюутнуудыг томоохон компаниуд өндөр цалин хангамж өгч ,сурахын хажуугаар ажиллах боломж олгодог болсон нь тун баярлууштай хэрэг болоод байна. Сайн суралцсан оюутан хүн хичээлдээ явахын хажуугаар 500-800 мянган төгрөгийн цалин авч байгаа тохиолдол цөөнгүй байна гэвэл хэр баргийн хүн итгэхгүй байх л даа.

Тэгвэл төгссөн хойноо нэг сая төгрөг, нэг мянган долларын цалинтай ажиллаж байгаа тохиолдол ч олон байна. Үүний нууц нь бид эртний Монголын гэрийн сургалтын аргаар оюутнуудаа хүмүүжүүлж, эрдэм мэдлэгээс гадна зөв хүн болгон төлөвшүүлэх талыг гол болгон барьсантай холбоотой болов уу. Танай сонин дараачийн удаа энэ талаар сурвалжилбал уншигчдын хувьд сонин байж мэдэх юм.

-Хоёулаа ярилцлагаа “Чонон сүлд” романы тухай эхэлсэн. Тиймээс энэ сэдвээр дуусгавал болох уу?
-Бололгүй яахав. Зохиолч Зян Рун “...тал нутгийн амин сүнс болсон чонон сүлдийн нууц, үнэ цэнийг сурвалжлан тэмдэглэж үлдээхийг үнэн голоосоо хүсэх тул Хятадын төдийгүй дэлхийн түүхэнд асар их нөлөө үзүүлсэн чонон сүлд аажмаар үгүй болж байгаа тал нутгийн нүүдлийн амьдралтай хамт устаад чонын амаар дамжин ариусдаг Монгол хүний цогцос шиг үзэгдэх бараагүй болохыг харж яахин төвдөх билээ” гэж номондоо бичсэн.

Тэгвэл тэнгэр заяатай монголчууд бид уг номыг дор бүрнээ уншиж судлаад, байгаль дэлхийтэйгээ зүй зохистой харьцах өвөг дээдсийн нандин өвийг сэргээх нь юу юунаас чухал болоод байна. Монголчууд чоныг хийморьтой амьтан гэж үзэхийн зэрэгцээ өөрсдийн өвөг дээдсийг ч мөн Бөртө чоно хэмээн дээдлэн шүтэж ирсэн уламжлалтай. Магадгүй хамгийн хийморьлог амьтан болох чоноор овоглосон уг ном дэлхийн утга зохиолын тавцан дээр хийморь сүрээ бадрааж яваа ч юм бил үү хэн мэдэх билээ.

Г.Сонинбаяр

没有评论:

发表评论