2011年3月9日星期三

Оршихуйн оюунлаг эрэлхийлэл

ОРШИХУЙН ОЮУНЛАГ ЭРЭЛХИЙЛЭЛ

Өнөөдөр монгол орны өргөн уудам нутагт алт эрдэнэс, нүүрс, нефть эрж хайх, олборлох чиглэлээр өдий төдий гадаад дотоодын уул уурхайн компаниуд орчин үеийн хүчирхэг техникийн аржгар том дугуй эргэлдүүлэн, араа шүдийг нь эрчлүүлэн их дайралтанд орж эхлээд байна. Хориод жилийн өмнө онгон зэлүүд байсан хангай говь хээр талаар олон салаа замууд буй болж, хурдан “жип” машинууд сүлжилдэж, хуйларсан улаан тоос босгон давхилдаж байна.
Онгон зэрлэг байгалиа унаган төрхөөр нь авч үлдэх, олзворлон хөрөнгөжих хоёр туйл дээр тэмцэл өрнөж эхэллээ. Чухам яг ийм үед бидний түүхийн их хөрш Хятад улсын зохиолч Зян Рунгийн “Чонон сүлд” хэмээх роман монгол уншигчдад цагаа олж хүрч ирлээ.
Хятадын зохиолч Зян Рунгийн энэ зузаан ном нь шуурхай мэдээлэл, адал содон явдал, хурдан товч “комикс” ном даян дэлхийн уншигчдыг байлдан дагуулах болсон цаг үед өрсөлдөн гарч ирснээр барахгүй хятадын төдийгүй, дэлхийн бестселлэр болж байгааг дуулж мэдэх болсон цагаас хойш энэ номын тухай мэдээлэлд чих тавих болсон юм.
Аз болоход авъяаслаг орчуулагч Доржсүрэнгийн Болдбаатарын орчуулж буй “Чонон сүлд” романыг хянан тохиолдуулагчаар намайг сонгохоор Байгаль орчны Яам болон Дэлхийн банкны төслийн ажилтанууд санал нэгдэж хандахад нь би олзуурхан баярлаж билээ.
Би бол монголын дорнод хээр талд төрж өссөн хүмүүн бөгөөд нутаг ус, газар шороо, байгал эх дэлхийгээ хайрлан ачлахын төлөө ихэнх уран бүтээлээ зориулсан нүүдэлч, малчин язгуурт зохиолч билээ. “Чонон сүлд” романы үйл явдал нь миний төрөлх нутаг болох Дарьгангын хээр талаас холгүй болж байна. Миний бие ихэнх насаа сургууль соёл ном эрдмийн мөр хөөж өнгөрөөсөн боловч, хээр талын нүүдэлчин ахуй, түүний олон мянган жилийн туршид бүтээн цогцлоосон оюун сэтгэлгээний болон соёлын үнэт зүйлсийг өвлөн уламжлахын төлөө үзэг цаасаа нийлүүлдэг зохиолчийн хувьд “Чонон сүлд” романы орчуулгын эхийг редакторын өөнтөгч нүдээр харахын зэрэгцээ, анхны уншигчийн баяр догдлолоор зохиогчийн зүрх сэтгэлийн зовнил шаналал, хайр бахархалыг илүүтэй мэдэрч уншихыг хичээсэн болой.
Дарьгангын хээр тал бол чонын эх орон билээ. Намайг бага байхад хааяа нэг малд орсон чоныг саахалт хотлын эрчүүл мориор өртөөлөн хөөж цуцаагаад ташуураар хоншоордон цохиж намнадаг байсныг тод санадаг юм. Харин хурдан тэрэг, хурц буу зэвсэг элбэгшсэн цаг үеэс, тал нутгийн бартаа саадгүй цэлгэр уудмыг ашиглан хээрийн чоныг арав хориор нь ангуучлан хийморьтой цог золбоотой яваагийн бахархал болгон тэнгэрийн нохойг амралт зугаалгын золиосонд гаргах болсон билээ. Тэгэхдээ тэд
Ижил тэнгэртэйд нь харагдана
Илүү тэнгэртэйд нь алагдана
гэсэн чонын өчил санааг уриа болгодог. Чухамдаа гэвэл энэ үг зөвхөн ангуучдад зориулсан үг биш, харин хүн чоно хоёрын хувь тавилан эн зэрэгцээ тэнгэрлэг оршихуйн учир утгыг илүү хадгалсан учир холбогдолтой юм. Монгол оронд малын дайсан чонотой тэмцэх хөдөлгөөн нэг үе өрнөж, түүнийг үр үндэсгүй устгах тухай уриалга хөдөлгөөн ч гарч байхад нэгэн алдартай сайн малчин хүнийг сонор соргог байлгадаг хэмээн чоныг өмөөрч байсныг ч тэд санаж байна.
“Чонон сүлд” романы үйл явдал эдүгээгээс 40, 50-аад жилийн тэртээ өвөр монголын тал нутагт өрнөж байгаа боловч, монгол үндэстэн, хээр талын нүүдэлчиний мянга мянган жилийн ахуй амьдрал, оюун сэтгэлгээ, ертөнцийг үзэх үзэл, аж төрөхүйн үнэт зүйл болсон нүүдэлчний соёл иргэншлийг; хээр тал нутгийн уудам талбай дээрх хүн чоно хоёрын харилцан бие биеэс хамааран оршин буйгаар нь дүрслэн үзүүлжээ. Тал нутгийн нүүдэлч малчдын амьдралын хэв маяг, тэдний ёс жудаг, байгаль дэлхий өвс ургамал, ан амьтантай зохицон амьдарч ирсэн зан үйлийн соёлыг нүдэнд үзэгдэж, гарт баригдахаар тов тодорхойёо, нэгд нэгдгүй бичиглэсэн нь бүүр ч сонирхолтой байна.
Хүн төрөлхтөний утга зохиол өнөөдөр реализмыг үеэ өнгөрөөсөн хэмээн тэртээ хол гээж орхиод бодит дүрслэхүй урт удаанаар нуршин өгүүлэхүйгээс тасран холдож өөр өөр шинэ хийсвэр “изм” рүү уншигчдыг хөтөлсөөр яваа яг ийм цаг үед энэ роман эрхгүйеэ мартагдан алга болж буй хэв маяг, бодит байдлыг гэрэл зураг мэт, кино дэлгэц мэт эргэн буй болгож буй бүхнийг үгээр дүрслэхүйн ид хавийг буцаан авчирсан нь ер гайхалтай. Зохиолын үйл явдал нь хүмүүний хувь тавилангийн ээдрээ, хайр дурлалын гурвалжин, ар араасаа хөвөрсөн адал явдал аль нь ч байхгүй, зүгээр л Өвөр монголын хээр тал дахь хүн байгалийн харилцаа, хүн хийгээд чонын тухай өгүүлэмж юм. Нэгэн бодлын ийм зохиол уйтгартай, уншигчдад залхуутай байж таарнаа даа. Гэтэл энэ зохиол тийм биш. Уншигчдыг чулуу хөөлгөх утга зохиолын сонгомол арга хэрэглүүрийг хэрэглээгүй мөртлөө, хуудас алгасаад явчихаж болохгүй, үг үсэгчилэн уншин мөрдөхөөс өөр аргагүй байдалд уншигчдыг хөтлөн орчуулчихаад огт гаргахгүй хөтлөх тийм нэгэн ид шид энэ романд байна.
Магадгүй, хүн төрөлхтөний шинжлэх ухаан, технологи, бүтээн байгуулалтын дэвшилийн үед, нөгөө талд нь байгаль дэлхий ноцтойгоор өөрчлөгдөн хувьсаж, дулаарал, мөстлөг, ган гачиг хийгээд хуурайшил, аль эсвэл зуд турхан, өвчин тахал, далайн шуурга, цөлжилтийн шар түйрэн хүн төрөлхтөнийг зовоож, орших эс оршихын түгшүүр эзэмдэж буй цаг үеийн дэнсэн дээр цагаа олж хүмүүний зүрх сэтгэл рүү энэ зохиолын үзэл санаа урсан орж ирээд, түгшүүр зовлонг нь хуваалцаж, зохиомол үйл явдалд залхсан уншигчдыг өөрийн эрхгүй амин чухаг зүйл рүү нь хөтөлж байгаад гол учир нь байх авай.
Зохиолч Зян Рунь гуай энэхүү романаараа хээр тал нутгийн онгон байгаль, нүүдэлчин соёл иргэншлийн давуу тал, чоно хийгээд амьд байгалийн оршин үлдэх шалгарал, хүн чонын амьдралын шүтэлцээ хувь заяаг түүхэн урт цаг хугацааны дундаас эрж хайхын хамт өөрийн тариаланч хятад үндэстэний зарим сул талыг зэрэгцүүлэн авч үзээд өөрийн үндэстэний цаашдын хөгжлийн гарцыг эрэлхийлэх оролдлогыг энэ номоороо хийсэн нь ажиглагдана.
Чухам жинхэнэ зохиолч хүмүүн бүтээл туурвилаараа өөрийн улс үндэстэн хийгээд хүн төрөлхтөний цаашдын хувь тавилангийн амин чухал асуудлыг дэвшүүлэн тавьж ирсэн сонгодог уран зохиолын түүхэн үнэ цэнэ “Чонон сүлд” романтай шууд холбогдож байгааг хэлэх хэрэгтэй.
Манай монголын авъяас билигт орчуулагч Д.Болдбаатар “Чонон сүлд” романыг нэн чадамгай орчуулсныг анхны уншигчийн хувьд бахархан тэмдэглэж байна. Ялангуяа монгол нүүдэлчний амьдралын хэв маяг, зан үйл, эд өлгийн соёлын холбогдолтой мартагдан бүрхэгдсэн үг хэллэг энэ орчуулгатай цуг эргэн сэргэж байгаад орчуулгын үнэ цэнэ оршино. Мөн нөгөө талаар зохиолчийн романы хэл хэллэг, найруулга илэрхийллийн онцлогийг хадгалахын хамт, монгол уншигчийн шимтэн унших таашаалд нийцүүлэн амт шимт, давс хужирыг тааруулан, уламжлалт сайхан найруулгыг сонгосон нь орчуулагчийн ур чадварын чанар чансааг бүрнээ сорьж чадсанаар барахгүй Д.Болдбаатарыг өнөөгийн манай утга зохиолын шилдэг орчуулагчийн зиндаанд дэвшүүлэн гаргаж байна. Миний бие энэхүү гайхамшигтай номын монгол орчуулгын хянан тохиолдуулагчаар ажиллаж, орчуулгыг улам нягт сайн болгоход өчүүхэн хувь нэмэр оруулсандаа олзуурхан баярлаж буйгаа дурдсу.
Цаг хугацаа нисэн ирж, нисэн одож байна. Цаг хугацаатай цуг ирээдүй рүү бид нэн хурднаа яаран одсоор байна. Урсгал дагаж цагийн жамаар урсахын хамт түүхэн цаг хугацааг сөрж, өнгөрсөн цаг хугацаа руугаа, бүр түүхийн эрт балар луугаа эргэн очиж байхыг түүхийн сургамж бидэнд сануулсаар байна. Чухам энэ утгаараа “Чонон сүлд”-тэй язгуур гарвал руугаа эргэн нэг зорчиж, түүхийн хувь тавилан, зам мөр алдаа оноогоо эргэн тунгаахын учир утгыг зохиолч Зян Рунь “Чонон сүлд” романаараа дахин сэрэмжлүүлсэнд анхны монгол уншигч нарын нэгний хувьд гүнээ талархнам. Дээр тэнгэр, доор газар хийгээд хүн чоно, замбуулин дээрх бүхий л юмс бие биеэс хамааран, оршихуйн оюунлаг эрэлхийлэлийг энэ номоос тольдсугай.

Номын цагаан буян арвижих болтугай.

Зохиолч, яруу найрагч Г.Мэнд-Ооёо

Гаадаа мээрэн удахгүй дэлгэцнээ гарна

Монголын ард түмэн үнэхээр арвин баялаг, баатарлаг түүхтэй билээ. Үе үеийн түүхэнд нэр алдраа үлдээсэн баатарлаг хөвгүүдийн нэг нь яахын аргагүй Өвөрмонголын Хорчингийн талаас төрөн гарсан Гаадаа мээрэн юм. Түүний удирдсан долоо зуу гаруй морьт цэрэг тухайн үеийн зүүн хойд хятадыг эзэгнэж байсан Жан Зо Линь, Жан Сюэ Лянь нарын харгис цэргийн эрхтнүүдээс төрөлх нутгаа хамгаалан тэмцсээр давуу хүчинд дийлэгдэн өөд болсон үнэн түүхээс сэдэвлэн Өвөрмонголын кино үйлдвэр Гаадаа мээрэн нэртэй телевизийн хорин ангит кино хийсэн нь саяхан хятадын төв телевизээр нэвтэрч үзэгчдийн маш халуун талархлыг хүлээгээд байна. Уг киноны гол дүрд Монгол улсын жүжигчин Анхням уригдан тоглож Гаадаа мээрэнгийн эхнэр Мандарваагийн дүрийг бүтээжээ. Ингэснээр манай жүжигчдээс азийн зах зээлд хөл тавьсан анхны түүчээ болж байгаа хэрэг юм. Уг киног бид орчуулж дуусаад ойрын үед төвийн телевизээр нэвтрүүлж үзэгч олныхоо хүртээл болгох гэж байгааг та бүхэнд дуулгаж байгаадаа туйлын баяртай байна.

Гэгээгийн сургамжит өгүүллэгүүд

Бид энэ удаа “Гэгээ” гадаад хэлний дээд сургуулийн оюутнуудын хичээл дээрээ үздэг богино өгүүллэгүүдээс та бүхний таашаалд сонирхуулж байна. Манай сургуулийн багш нар иймэрхүү өгүүллэгүүдийг “Хятадын залуучууд” зэрэг сэтгүүл дээрээс сонгон авч хичээлдээ өргөнөөр ашигладаг юм.

ОХИН ДҮҮГИЙН ХАЙРЫН ЗАХИА

Миний ихрийн өрөөсөн охин дүүг маань Ниша гэдэг. Ниша бид хоёр адилхан хүрэн шаргал бужгар үстэй, инээмсэглэх үед хацар маань хонхойдог, төрхгүй байдлыг илтгэх үл мэдэг шантгар хамартай, тунгалаг хөх нүдтэй гээд яриад байвал дүр төрхийн хувьд усны дусал мэт хэр баргийн хүн андуурам л даа. Аав ээж маань бид хоёрыг дээд тэнгэрийн хайрласан хамгийн эрхэм нандин эрдэнэ хэмээн үзэж олонхи ихэр хүүхэдтэй эцэг эхчүүдийн адил ав адил хувцсаар ижилсүүлэн гоёдог юм.
Гэхдээ ингэх нь миний хувьд хамгийн баларсан хэрэг болдог байв. Энэ хорвоо дээр өөртэй чинь ив ижилхэн хувцас хунар, үсний засалттай хүн гарч ирчихээд үргэлж өөрөөс чинь салахгүй хамт явдаг бол бусад хүмүүс хэн нь хэн болохыг ялгаж танихгүй бөөн яршигтай хэрэг болно гэдгийг та төвөггүй ойлгож байгаа биз дээ. За энэ ч яах вэ гэж бодоход хамгийн гол нь миний охин дүү Ниша надтай царай зүс дүр төрхөөр ижлээс бусдаар бол тэс өөрт хэргийн учир байгаа юм. Тэр гөжүүд ааштай, дэггүй, шалгалт болгон дээр ангидаа араасаа удаалдаг төдийгүй өдий бага юм байж бүр эрэгтэй найзтай болоод амжсан гээд та бодоод үз дээ. Харин би бол хичээл сурлага амьдралын хэвшлийн хувьд өөлөөд байх юмгүй сайн охин байгаа юм.
Нэг удаа баахан хүүхдүүд намайг явж байтал замд тааралдчихаад гараараа зааж чичлэн “Хөөе, та нар түүнийг харав уу? Нөгөө ангийн багшийнхаа өөдөөс хэдэрлэн цохиод авдаг Ниша гэдэг зартай охин чинь тэр шүү дээ.” гэдэг байгаа. Би өөрийгөө Ниша биш, Сантос болохыг хамаг байдгаараа учирлан хэлсэн боловч тэд итгэхийг ч хүсээгүй юм. Нэгэн орой нусгай юм байж архи үнэртүүлсэн нэг банди манай орцны үүдэн дээр намайг явуулахгүй ээрчихээд “Ниша чи яагаад надаас больчихоод тэр муу өөдгүй Торитой үерхэж байгаа юм бэ? ” гээд байхаар нь би өөрийгөө Ниша биш болохыг уйлан хайлан учирласан боловч тэр бас л итгэхгүй байснаар үл барам адаг сүүлд нь намайг хорсолтой нь аргагүй алгадаад авч байгаа юм даа. Товчоор хэлбэл надтай тохиолдож байгаа золгүй хэрэг бүхэн бусад хүн намайг Нишатай эндүүрснээс болдог байв. Энэ бүхний улмаас би нас нэмэх тусмаа охин дүүгээ улам бүр үзэн ядах болж аль болох хурдан түүний бараан сүүдрээс холдох юмсан гэж боддог байлаа. Яагаад гэвэл Сантос би Нишагаас тэс өөр хүн болохоор тэр л дээ.
Би хүний нүдэнд төлөв даруухан харагдуулахаар биед эвлэг бошинз үдээстэй шаахай өмсөж байя гэж ээжээсээ гуйдаг байв. “Цаад Ниша чинь угаас хурц тод өнгийн хувцсанд дуртай, тэгээд ч тэр үхэж байсан ч ширэн шаахай өмсөхгүй.” гэж ээж маань амыг маань тагладаг байлаа. Энэ болгонд ээж маань цаагуураа Нишагийн талд ороод байгаа мэт санагдаж уур хилэн маань өөрийн эрхгүй дотроо багтаж ядна. Нэгэн удаа “Би яахаараа заавал Нишатай адилхан хувцаслах хэрэгтэй гэж вэ? Би түүнтэй адилхан хувцасладагтаа ичиж үхэх шахах юм.” гэж бачимдан хашгирахад ээж маань цочсон байртай намайг харсанаа нэлээд бодол болсны эцэст миний шаардлагыг биелүүлэхээр болсон билээ. 14 нас хүрдэг жилийн зун би анх удаа өөрийн хүссэнээр хувцаслаж Нишагийн муу нөлөөнөөс ангижирсан юм. Би Нишагаас ондоо харагдах юм шүү гэсэндээ тэгэхээс тэг гэсэн шиг хондлой шүргэсэн урт үсээ дал мөрөө хүртэл богиносгон тайрууллаа. Хоног хугацаа өнгөрөх тусам хүмүүс аяндаа биднийг ялган таних болж үсээ задгай тавьж хурц тод өнгийн хувцас өмссөн нь сурлага гэж авах юмгүй танхай охин Ниша, харин түүнийг бодвол богино тайрмал үстэй, ногоон өнгийн урт банзалтай охин бол “Таван онцын эзэн” Сантос гэдгийг андахаа байцгаав.
Ниша миний шинэ хувцаслалтыг харчихаад өөрийн эрхгүй түсхийтэл инээд алдаж “Шал мангар хувцаслах юм.” гэж билээ. Харин би дотроо “Чамтай л андуурагдаж байхгүй бол би гуйлгачингийн төрхөнд хувирсан ч яадаг юм.” гэж бодож байв.
16 нас хүрдэг жил би ангийнхаа нэг хүүд сайн болчихоод удтал бодсоны эцэст түүнд хайрын захидал бичихээр шийдлээ. Тэр бол амьдралдаа анх удаа өөр хүнд сэтгэл алдарч байгаа минь бөгөөд уртаас урт хайрын захиан дундаа таван настай үеийнхээ зургийг хавчуулж нэр усаа ч бичилгүй шуудангаар явуулчихав. Юмыг яаж мэдэх вэ, тэр зөвшөөрөөгүй хариу өгөх юм бол би бичсэн юм шүү гэдгээ нуух гэж ийм ядмагхан арга хэрэглэсэн хэрэг л дээ.
Тэр сэтгэлээ илчилсэний минь хариуг өгөлгүй таг чиг болчих вий гэдгээс хамгийн ихээр айж байв. Гэтэл дараачийн өдөр түүнээс ч долоон доор юм болсон нь юу гэвэл үд дундын их завсарлагын үеэр мань хүн том том алхлан самбарын өмнө гарч ирээд ангийнхны дунд миний хайрын захиаг өндөр дуугаар уншиж гардаг байгаа. Түүнийг захидал задлах үеэр захидалд хавчуулсан таван настай үеийн зураг маань газар унасныг эхний ширээний хүүхэд шүүрэн авав. Би таван настай үеийн зургаар маань тэд намайг бичсэн гэдгийг мэдэхгүй гэж аргаа барсан хариугүй бодлоор өөрийгөө хуурахчаа аядаж байтал нөгөө муу чинь цэгцтэй цэвэрхэн бичсэн хайрын захидлыг өндрөөс өндөрт өргөн нийтэд харуулсан нь намайг хаашаа ч гарах гарцгүй болгож орхив. Миний нэр төрөө эрхэмлэх сэтгэл агшин зуурын төдийд шороотой холилдох шиг болж болдогсон бол газрын гаваар шурган ормоор санагдаж байлаа. Энэ үеэр ангийн хамгийн арын ширээнд сууж байсан Ниша ухасхийн босож ирээд самбарын өмнө очиж нөгөө өөдгүй амьтны гараас захидал зураг хоёрыг шүүрэн авч тасхийтэл алгадаж орхих нь тэр. Дараа нь охин дүү маань бусдыг голоосоо үзэн ядах үедээ гаргадаг араншин нь болох эрхий хуруугаа гозойлгосоноо газар руу зааж мөнөөх өөдгүй амьтанд хандан “Би чам шиг адгийн шаарыг далдуур хайрлаж явсаныхаа төлөө үнэн голоосоо ичиж байна!” гээд хэлээд тавьчихав.
Нишагийн энэ богино хугацаанд хийсэн үйл хөдлөл бүхэн манай ангийнхныг ёстой нэг алмайруулж орхилоо. Бичиг гэж авах юмгүй мань хүнийг ийм цэвэр сайхан хайрын захидал бичнэ гэж хэн санах билээ дээ. Харин Ниша тэр бүхний хариуд огтхон ч цочирдсонгүй багшийн сандал дээр лагхийтэл суух зуур “Та бүхнээс нуух юу байх билээ, би арван фүнт стерлингээр өөрийн онц сурлагатан эгчийг хахуульдаж байгаад энэ захидлыг ийм гоё бичүүлсэн юм л даа. Эгч маань угаасаа би гэж бүтэлгүй амьтны ёсгүй шаардлагыг няцааж байсан удаа үгүй гэдгийг та бүхэн мэднэ.” хэмээн ангийнхандаа хээвнэг зарлав. Түүнийг ийм үнэмшилтэй ярихыг хараад манай ангийнханд эргэлзсэн хүн ганц ч гарсангүй. Ниша маань өөрийн ихрийн өрөөсөн эгчийнхээ түүнд учруулсан ичгүүрийг ийнхүү цээжээрээ хамгаалан өнгөрөөж байхад түүний эгч Сантост тийм зориг зүрх үгүй байлаа.
Харин би түмэнтэйеэ ичингүйрч доош тонгойх зуур надтай ив ижилхэн төрсөн мөнөөх зоримог охинд хандан сэтгэл зүрхнийхээ угаас “Энэ өдрөөс хойш би чамтай ав адилхан хувцаслаж, үсээ ижилхэн засуулж байя. Бидэн хоёрыг ижил төрхтэй болгож ихэр одонд төрүүлсэн дээд тэнгэр чамдаа баярлалаа. Ийм дүүтэйгээ хамт хүний амьдралын жаргал зовлон хосолсон он жилүүдийг туулахад юунаас айх билээ.” хэмээн дотроо шивнэн суусан билээ.

ЭЦГИЙН ХАЙР

Энэ бол өнгөрсөн зууны далаад оны сүүлчээр болсон хэрэг явдал юм. Тэр үед ах бид хоёр сургуульд ч ороогүй тоглохоос өөр юм мэддэггүй нусгай амьтад байж дээ. Манайх гэдэг айл тарчиг ядуу байсан болохоор насан бага бид хоёр өдөр хоногуудыг өлөн зэлмүүхэн өнгөрөөдөг байв. Өглөө оройгүй ёс юм шиг хар гурилын боовыг газрын гуаны голоор амталж идэх нь сүүлдээ бүр ой гутмаар санагддаг байвч өөр арга байхгүй тул ах бид хоёр өл залгах төдийхөн хоолноос өөр аятайхан амттан олдох нь уу гэж өлөв долов хийсээр өдөр хоногийг үднэ. Харин аавын маань иддэг бууз бидний хувьд ёстой л оронд нь нүдээ ухаад өгчихөөс буцмааргүй таван тансагийн дээд мэт санагддагсан.
Аав маань чулуучин хүн болохоор гэрээсээ арван таван километр зайтай том уулнаа очиж чулуу бутладаг байлаа. Өглөө болгон хар өглөөгүүр аав маань манай гэрийн цорын ганц хөл дүүжлэх унаа болох ямбий дугуйгаа унаж аваад ажилдаа гарах бөгөөд орой мөн түүгээрээ эргэж ирнэ. Ээж маань хар үүрээр эртлэн босож амь шигээ нандигнах гурилын уутны ёроолыг тэмтчин атга хар гурил гаргаж ирээд тосон дэнгийн гэрэлд аавд зориулан хоёрхон ширхэг бууз чимхээд жигнэж өгнө. “Бууз” л нэртэй болохоос биш махны үртэс ч байхгүй, жаахан байцааны татшин дээр хоёр дусал гахайн тос дусааж амталсан хар гурилдаа чимхсэн төдийхөн, ёстой л нэг буузны нэрийг гутаасан эд байсан даа.
Тэр хоёр бууз уг нь аавын маань үдийн хоол болох учиртай байсан юм. Аав өглөөний цай уулгүй яваад өдөр нөгөө хоёр буузаараа өл залгаж орой гэртээ ирээд сая нэг жинхэнэ хоолтойгоо залгадаг байв. Аавын бие барагтайхайн болохоор ханиалгана гэж жигтэйхэн. Дээр нь өдөр болгон хорин таван килограммын хүнд жинтэй лантууг хэдэн мянган удаа далайж буулгана. Тийм байтал мөнөөх хоёр буузанцар нь аавд маань хүнд лантууг өдөржин далайж буулгах хүч тэнхэл өгч чадах эсэх нь тодорхойгүй байтал мань хүн харин ч нөгөө хоёрыгоо идэлгүй ах бид хоёрт авчирч өгдөг байсан юм.
Ах бид хоёр ээжид баригдаж зэмлүүлэхгүй нөгөө хоёр буузаа аятайхан олоод хүртчих санаатай өдөр болгон тогтсон цагт тосгоны хаяанд очоод эцгийгээ угтацгаадаг байлаа. Ямбий дугуй нь тачигнасаар аавын маань сэтгэлд бүгээхэн танил дүр ойртон тодроход бид хоёр ч хөөр баярын дуу хадаан гүйн очицгооно. Энэ үед аав маань инээмсэглэн өврөөсөө өдрийн хоол нь болох учиртай байсан хоёр буузыг гарган бид хоёрт нэг нэгээр нь өгнө.
Тэр бууз хэдийгээр тийм амттай биш боловч өлөн ховдог бид хоёрын ходоодны хорхойг нэг л хэсэгтээ сайн дарах тул ах бихоёр хэд хазлаад гүд гүд хийтэл залгичихдаг байлаа. Харин аав хажууд маань хайр энэрэл гэрэлтсэн харцаар биднийг харан зогсож л байна.
Ийм маягийн амьдрал хэдийгээр хоёр жил үргэлжилсэн боловч энэ хэрэг зөвхөн бид гурвын хоорондын нууц байсаар өнгөрсөн юм. Ээж маань хар үүрээр эртлэн босож хоёр буузаа хийсээр байсан боловч үнэн хэрэг дээрээ ах бид хоёрын нүдний хор ходоодны хорхойг дарах зууш болон хувирдаг байлаа.
Яваандаа манайх хоол бүр дээрээ цагаан гурил иддэг болж ах бид хоёр ч тэгтлээ шүлхтэхээ байсан тул мөнөөх хоёр бууз эргээд аавын мэдэлд очсон юм даг. Тэр үед ах бид хоёр сургуулийн сурагчид болсон байлаа.
Эр өсөж эсгий сунадаг болохоор ах бид хоёр ч дээд сургуульд элсэн орж төгсөөд хотод боломжийн ажилд орцгоосон юм. Гэвч хүүхэд ахуй цагийн мөнөөх зурвасхан дурсамж ханын мухарт шигдсэн хүрэлзгэнэ жирхрэх мэт сэтгэлийн утсыг үе үехэн чимчигнүүлнэ. Түүнээс улбаалан би олон жилийн турш аавынхаа өмнө буруутан мэт санагддаг байв.
Адаг сүүлд нь энэ жил цагаалахаар гэртээ ирэх үедээ аавтайгаа урьдын тэр явдлыг ярьтал эцэг маань харин өдий хүртэл тээсээр ирсэн өөр нэгэн сэтгэлийн хөндүүрээ дэлгэдэг байгаа. Аавын ярихаар бол хэрэг дээрээ мань хүн тэр үед ажлын талбартаа өдрийн хоол иддэг байсан юм байж л дээ. Өдрийн хоол ч юу байхав хар гурилын хатуу боовоор өл залгуулдаг байсан юм санж. Гэтэл нэг өдөр ажилдаа улайрч байгаад өдрийн хоолны цагаа өнгөрөөчихсөн тул нөгөө хар гурилын боов нь ч зарагдаж дуусаад, өлсөх гэдэг өвдөх шиг болохын эрхээр арга буюу өөртөө ноогдох учиртай мөнөөх хоёр буузыг идэж орхижээ. Орой нь аавыг ажлаасаа тараад ирэхэд ах бид хоёр ч яах вэ сурсан зангаараа тосгоны захад хүлээж байгаад барааг нь харангуут “Аав ирлээ, аав ирлээ” гэж хашгирцгаан өөдөөс нь тосон гүйж очсон байлгүй яагаа аж. Тэр агшинд аав эвгүйцсэндээ хий дэмий л гараа үрчин хоёр бяцхан үрийнхээ өчүүхэн хүслийг гүйцэлдүүлж чадаагүйдээ сэтгэл нь маш их шимширсэн ажээ.
“Би тэгэхэд тэр хоёр буузыг идэлгүй тэвчээд л гэртээ харьчих минь яалаа даа? Тэр үед та хоёрын сэтгэл гонсгор байхыг хараад би хариугүй нулимс унагах шахаж билээ.” гэж ярихдаа аавын маань хоолой цахиртаж байв.
Энэ хэргийн төлөө, эцгийн үүргээ сайтар гүйцэтгэлгүй насан балчир үрсдээ хорвоогийн хатуу хүтүүг амсуулж байсныхаа төлөө хорин жилийн турш сэтгэл хөндүүрлэн явсанаа аав маань тэгэхэд л нэг дэлгэн ярьсан юм.
Үнэн хэрэг дээрээ тэр болсон явдлын тухай ах бид хоёр аль хэдийн мартаж орхисон байлаа. Магадгүй тэр үед бид хоёр маш их сэтгэл гонсгор байсан ч байж мэдэх юм. Гэхдээ энэ хорвоо дээр ховдог зангаасаа болж төрсөн эцэгтээ хорсон гомдож явдаг үр хүүхэд гэж хэзээ л байлаа даа? Харин өдгөө надад балчир насны минь гэнэн томоогүй зан л тодоос тод санагддаг юм. Ачир дээрээ бол тэр хоёр буузтай буузгүй бид болоод л байх байсан. Гэтэл харин аав маань бяцхан үрс биднийхээ хүслийг ганц удаа гүйцэлдүүлж чадаагүйн төлөө бүхэл бүтэн хорин жилийн турш шаналж явсан байдаг.
Тэр удаа би харин ёстой уйлсан юм. Тийм ээ, уул мэт ханхайх сайхан эцгийнхээ хайранд уясан уйлсан юм.

Чингис хаан роман хэвлэгдлээ

Миний бие Чонон сүлд роман хэвлэгдэн гараад удаагүй шахам байхад ижил нэртэй киногоор нь үзэгч олны сайн танил болсон Чингис хаан романыг уншигч таны гар дээр өргөн барьж байгаадаа туйлын их баяртай байна. 2012 онд эзэн Богд Чингис хаан эснэсний 850 жилийн ой тохиох бөгөөд энэ роман нь мөхөс бичээч миний их эзний түүхт ойд өргөн барьж байгаа өчүүхэн сэтгэлийн илэрхийлэл юм аа.
Чингис хаан бол дэлхий дахинаа монголын болоод өөрийн их нэр алдрыг дуурсгасан Богд баатар төдийгүй мянганы хүнээр өргөмжлөгдсөн суут хүмүүн билээ. Эзэн Чингис хаан алд биеийн алжаалыг умартан, амь насаа ч гаргуунд гарган тэмцсэний эцэст монголын уудам талд төр улсаа төвхнүүлэн, монгол үндэстний бүрэлдэн тогтноход шийдвэрлэх нөлөө үзүүлсэн төдийгүй дэлхийн түүхэнд урьд хожид байгаагүй агуу том эзэнт гүрнийг байгуулж чаджээ. Хожмын үеийн түүхчид түүний байгуулсан гавьяа нүглийг өөр өөрийнхөөрөө үнэлж цэгнэсээр ирсэн боловч агуу их цэргийн жанжин, улс төрч, сэцэн билигт стратегич байсан гэдэг дээр үг дуугүй санал нэгддэг юм.
Хятадын нэрт зохиолч, түүхч Жу Яо Тингийн бичсэн Чингис хаан романаар найруулсан олон ангит кино манай төв, орон нутгийн телевизүүдээр маш олон удаа гарсаар байгаа боловч үзэгчид уйдахгүй үзсээр байдаг нь уг бүтээлийн чанараас гадна, Чингис хааны суу билигтэй салшгүй холбоотой юм. Эх түүхээ мэдэхгүй хүн ойд төөрсөн сармагчин лугаа адил гэж эртний мэргэн үгэнд өгүүлдэг билээ. Социализмын үед өсөж хүмүүжсэн миний хувьд ч мөн өөрцгүй Чингис хааны тухай ойлгоц маань Орос Зөвлөлтийн тухайн үеийн үзэл сурталд тохируулан найруулж бичсэн түүх бичлэгийн хүрээгээр хязгаарлагдаж байсныг нуух юун. Харин Чингис хаан кино дэлгэцэнд гарснаар гагц би төдийгүй олон арван мянган үзэгчид их хааныхаа талаар нэлээд тоймтой ойлгоц авсанд, уг киног дахин дахин үзээд ч уйдахгүй байдгийн өөр нэгэн нууц орших болов уу.
Дэлхийн гучин нэгэн улсын хэл дээр орчуулагдан, 110 оронд нэгэн зарагдаж байгаа Чонон сүлд романыг орчуулсан тэр олон орчуулагчдын дотроос гагц надад хамгийн амаргүй сорилт тулгарсан гэж би уг номын өмнөтгөлд бичиж билээ. Учир нь монгол соёл, монгол ахуй, монгол чонын тухай бичсэн уг зохиолыг монгол орчуулагч муу орчуулах эрхгүй гэж хатуу шаардлагыг би өөртөө тавьж байсан. Тэгвэл арав шахам жил цэнхэр дэлгэцээр цөөнгүй үзсээр гол баатруудынх нь үг хэл, дүр төрх, үйл хөдлөл бүр үзэгчдийн сэтгэлд гүнээ хоногшин шингэсэн уг бүтээлийг цаасан дээр буулгахдаа киноны орчуулгаас нь дутахгүй, бүр болж өгвөл илүү орчуулах мэргэжлийн ёс суртхууны үүргээ ухамсарлах учиртай билээ. Энэ утгаараа Чингис хаан роман миний хувьд бас л адармаатай агаад амаргүй даваа байсан нь хэн бүхэнд ойлгомжтой.
Энэ дашрамыг ашиглан уншигч та бүхэнд зарим сонин хэвлэл, мэдээллийн сүлжээгээр дамжуулан орчуулагч миний бие болон сүүлийн үед орчуулан хэвлүүлсэн Чонон сүлд номын сонгомол хувилбарын эсрэг тараагдаад байгаа гүжир гүтгэлэгт зохих ёсны хариуг өгөх нь зүйтэй гэж үзлээ. Өөрөөр хэлбэл Чонон сүлд романы сонгомол болон дэлгэрэнгүй хувилбарын аль аль нь миний оюуны бүтээл гэдгийг энд албан ёсоор мэдэгдэх нь зүйтэй. Зах зээл хөгжсөн улс орнуудад нэг бүтээл дэлгэрэнгүй, хураангуй, манга, аудио гэх мэт олон хувилбартай байдаг. Тэр жишиг л монголын номын зах зээлд нэвтэрч байгаа тул та бүхэн өөрсдийн таашаал сонирхлоор дуртайгаа сонгон уншаарай. Харин сүүлд хэвлүүлсэн Чонон сүлд номын сонгомол хувилбарт багтсан “Оюунлаг эрэлхийлэл буюу чонон сүлдийн тухай яриа” гэдэг шинээр нэмэгдсэн бүлэгтээ Зян Рун зохиолч Чонон сүлд гэдэг ухагдхуун чухам юу хэлээд байгааг дэлгэрэнгүй тайлбарласнаараа онцлогтой юм.
Бидний амьдран буй хорин нэгдүгээр зууныг мэдлэгийн эрин зуун, оюуны эрин зуун, мэдээллийн эрин зуун хэмээн нэрлэдэг. Хязгааргүй уудам орон зайд, хязгааргүй их мэдлэг мэдээлэл түгж байгаа нь бидний амьдран оршиж буй энэ эрин зууны гол онцлог юм. Харин энэхүү далай мэт хязгааргүй их мэдлэгээс хамгийн хэрэгтэйгээ олж авах нь ухаант хүмүүний ёсон буй за. Түүн лүгээ нэгэн адил өмнөд их хөрш хятадын номын том зах зээлээс монгол түмнийхээ оюуны зулыг улам бадраахуйц хэрэгтэй бүтээлийг сонгон орчуулна гэдэг мөн л амаргүй атлаа хариуцлагатай хэрэг юм. Энэ чиглэлээр мөхөс бичээч би вээр цаашид ч хичээн ажиллах болно.

Доктор профессор Доржсүрэнгийн Болдбаатар

Гадаад хэлийг төгс сурахуйн нууц

Олонх хүмүүс яагаад гадаад хэлийг амжилттай сайн сурч чаддаггүй вэ?
Сүүлийн үед манай улсад англи, хятад, япон, герман, солонгос зэрэг харь хэлийг сонирхон суралцагсдын тоо жил ирэх тусам өсөн нэмэгдэж гадаад хэлний чиглэлийн сурах бичиг, толь бичиг олон арваараа хэвлэгдэн гарах боллоо. Гадаад хэлний мэдлэг нь зөвхөн хувь хүний хүмүүжил боловсролд төдийгүй улс нийгмийн хөгжилд ч чухал дэмтэй хүчин зүйл гэдэг нь ойлгомжтой. Гэвч манай улсын бага дунд сургуульд ч тэр, их дээд сургуульд ч тэр гадаад хэлний сургалт тэр болгон үр дүнтэй явагдахгүй байгаа гэвэл уншигч та санал нийлэх байх аа. Олон жил гадаад хэлний чиглэлээр ажиллаж, багагүй хугацаагаар оюутан залуусыг гадаад хэл сургах үйлсэд зүтгэж байх явцдаа ажиглаж мэдсэн зүйл юу гэвэл олонхи хүмүүс гадаад хэлийг амжилттай сурч чадахгүй байгаа нь зөвхөн хувь хүний хичээл зүтгэлээс хамаараад зогсохгүй хамгийн гол нь манай гадаад хэлний сургалтын арга зүй, орчин нөхцөл хоцрогдсонд асуудлын гол байх шиг санагддаг. Гадаад хэлийг амжилттай суръя гэсэн хүн тухайн хэлийг сурахтай холбогдсон бэрхшээлүүдийн талаар үнэн зөв ойлголттой болж улмаар түүнийг гэтлэн давах аргуудаа зөв тодорхойлж чадвал богино хугацаанд сайн сурах бололцоотой юм.
Юуны өмнө манайд хэрэглэгдэж байгаа олонхи гадаад хэлний сурах бичгүүдэд ихээхэн учир дутагдал байдаг. Сурах бичгүүдийн бүтцээс харах юм бол цагаан толгойгоо зааж дуусаад үгсийн давтамж муутай том том саланги бичвэрүүдтэй холбогдсон дүрмийн мэдлэгийг ойлгож, шинэ үгийг цээжлэх амаргүй асуудлыг хэл эхлэн сурч байгаа хүний өмнө тавьдаг. Түүнчлэн олонхи сургуулиуд хэлний доод курсуудэд шинэ залуу багш нараараа заалгаж эхлэдэг тул тэд хичээлийг эрчимжүүлэх нэрийдлээр хэт хурдан зааж суралцагсдыг хөлдөө чирэх явдал түгээмэл байна. Ингэснээр гадаад хэлийг эхлэн суралцагч цөөнгүй хүмүүс гадаад хэлийг сурна гэдэг авьяастай цөөхөн хүмүүсийн санаархдаг хэрэг юм байна, миний хувьд ёстой бүтэшгүй нь гэсэн гутранги бодолтой хоцордог. Манай гадаад хэлний сургалтыг хөндлөнгөөс ажиглаж байхад багш гаднаас орж ирээд хичээлийн эхний хэсэгт даалгавар шалгаж эхлэнэ. Гучин сурагчтай анги байна гэж бодоход улирлын дүн дөхсөн байвал асуугдаж гайгүй дүн авах гэсэн гурав дөрвөн сурагч бичвэрээ хальт мөлтхөн цээжилж асуугдаж байх зуур бусад нь өөр хичээл хийх, хоорондоо дэл сул юм ярих, онгоц буудах, хөзөрдөх зэргээр цагийг үр ашиггүй өнгөрөөж байдаг нь нууц биш. Хөөрхий ганц багш энэ бүхнийг хянах, чиглүүлэх боломж нөхцөл маруухан. Ингээд даалгавар шалгахад 10-15 минутыг зараад залгуулан шинэ хичээл зааж эхлэнэ. Сурах бичигтэй холбогдсон дээрхи хүндрэл байдаг болохоор сурагчдын ихэнхи нь шинэ үгээ цээжлээгүй, дүрмээ ойлгоогүйн улмаас хичээлд хандах хандлага сулхан байх нь ойлгомжтой. Тэгэхээр даалгавар шалгаж байх үед эхлэсэн нөгөө назгай байдал хичээлийн турш сэмээрхэн үргэлжилнэ. Багш ч гэсэн ийм байдалтай зугуухан эвлэрдэг бөгөөд өөрчлөе ч гэсэн аргаа мэдэхгүй, өөрчлөлөө ч гэсэн цалин хөлс амьдрал ахуйд нь нэмэр болохгүй тул тэгсхийгээд биед амар шиг байж байгаад хонх дуугарахыг хүлээнэ. Намайг бага дунд болон их сургуульд сурч байхад гадаад хэлний сургалт иймэрхүү байдалтай байсан бөгөөд одоо ч байдал нэг их дээрдээгүй харин ч улам дордсон байх магадлалтай юм. Учир нь бидний бага залуу үед орос хэлний сургалтанд тухайн үеийн “Нам засгаас” ихээхэн анхаарч төрийн бодлогын хэмжээнд тавьдаг байсан тул орос хэлний сурах бичгүүд харьцангуй чанартай, багшлах боловсон хүчний чадавхи жигд өндөр байсан билээ.
Дээрх байдал хаа сайгүй ноёлж байгаа болохоор цөөн тооны биеэ дайчилж, чөлөөт цагаа гадаад хэл сурахад зөв ашиглаж чаддаг суралцагсдыг эс тооцох юм бол олонх нь гадаад хэлний хичээлд дур сонирхол буурч түүний хэрээр сурсан мэдсэн зүйлсээр хомс хоцордог. Хүмүүсийн гадаад хэл сурах хүсэл тэмүүлэл ихсэж байгаагийн эсрэг манай гадаад хэлний сургалтанд оршиж байгаа дээрх мэт назгай байдлыг зарим зальжин улс овжин ашиглаж гадаад хэлийг “Амар хялбар сурах аргуудын” талаар лекц уншин, ном хэвлүүлж өвөр түрийгээ түнтийлгэхийг санаархах боллоо. Би энэхүү гадаад хэлийг сурах дөт арга замын талаарх бэсрэг номондоо дээрх мэт хөнгөн хийсвэр “Арга зам” гэгч нь таны гадаад хэлийг сурах холын аянд төдийлөн тустай нөхөр байж чадахгүй, иймэрхүү үг яриа хэлний өндөр боловсролтой хүний амнаас гарах учиргүй гэдгийг онцлохын ялдамд манай өвөг дээдсийн буй болгож бидэнд өвлүүлсэн гадаад хэлийг сурах “Эртний монголын гэрийн сургалтын аргын” талаар цэгцтэй ойлголт өгөхийг хичээсэн болно.
Шинжлэх ухаан техник хөгжсөн өнөө цагт бид ганц хэлийг сурч ядаж байхад манай өвөг дээдэс ардын хувьсгалын өмнө эсгий гэрт, өөхөн дэнгийн гэрэлд “Эртний монголын гэрийн сургалтын аргаар” монгол бичиг, манж, хятад, төвд, самгарьд зэрэг дорно дахины таван хэлэнд нэвтэрхий гүүш, мэргэдийг бэлтгэн гаргаж байсан нь хол ойр алдар суугаа дуурсгах бүтээл туурвиж байсан байна. Энэхүү арга ухааныг орчин үеийн гадаад хэлний сургалтанд бүтээлчээр хэрэглэж чадваас сурагч, оюутанд хоёр гурван гадаад хэлийг төвөггүй сургаж болох бөгөөд түүний хэрээр хувь хүний хүмүүжил боловсролын чанар дээшлэх нь ойлгомжтой. Ингээд гэрийн сургалтын аргын зарим онцлогоос та бүхэнд тайлбарлан өгүүлье. Та бүхэн мэргэн оюундаа дүгнэж цэгнээд өөрт тохирсон ашигтай аргыг боловсруулан гадаад хэлийг амжилттай сурахдаа хэрэглэнэ гэж найдаж байна.

Хоёр настай хүүхэд хорин настай залуу

Хүүхэд хоёроос гурван нас хүрэх зуур гэр бүлийн хүрээний ойр зуурын ярианы хэлийг бүрэн ойлгож өөртөө тохирсон хэмжээнд ярих чадварыг эзэмшсэн байдаг. Харин хорин настай залуусын тухайд хэл сурах гэдэг тун амаргүй хэрэг болон хувирдагийн нууц юу? Энэ асуултанд гадаад хэлийг сурахтай холбоотой хувь хүний зүгээс хамаарах бэрхшээл нуугдаж байгаа юм. Манай олонхи хүмүүс энэ асуултанд “Хүүхэд бага байхдаа хэл сурах авьяастай байдаг. Харин том болох тусмаа тэр авьяас нь алга болдог.” гэсэн иш үндэсгүй явган яриагаар хариулж бие биеийнхээ сурах идэвхийг бууруулдаг шүү дээ. Бурхны сургаал энэ асуултанд хамгийн үнэн зөв төгс төгөлдөр хариултыг өгч чаддаг байна. Энэ сургаалын дагуу бол хүний билиг оюун нь төрөлхөөсөө ямар ч хэцүү мэдлэг ухааныг ойлгон сурах чадвартай байдаг ажээ. Буддын шашинд билиг оюуны бэлгэдэл Манзушир бурхныг баруун гартаа хурц илд барьснаар дүрсэлсэн байдаг нь дайнч байлдаанч гэсэн утгыг илэрхийлж байгаа биш харин хүн “Билгийн чанадад” хүрч чадваас үхлийг хүртэл ялан дийлж, зовлонгоос эгнэгт ангижран мөнхийн хутгийг олж болох юм шүү гэсэн гүн нарийн утгыг бэлгэдсэн хэрэг ажээ. Дөнгөж төрсөн хүүхдэд билиг оюуны энэхүү чанар нь онцгой хурц хэвээрээ хувиралгүй хадгалагдаж байдаг тул хэл хэмээх нарийн системийн учрыг төвөггүй ойлгож сурч чаддаг ажээ. Харин хүүхдийн нас нь нэмэгдэх тусам гэр бүлийн болоод байгаль нийгмийн янз бүрийн нөлөөлөлд билиг оюун автан түүний мөн чанар тоосонд дарагдаж байгаа мэт бүдгэрч ирдэг байна. Өөрөөр хэлбэл өсч томрохын хэрээр элдэв бодлын тоос билиг оюуныг улам бүр дарж байдаг тул хоёр настай хүүхэдтэй харьцуулахад хорин настай залуугийн хувьд гадаад хэлийг сурах явдал амаргүй хэрэг болон хувирсан байх болно. Нас ахих тусам улам бүр зузааран билиг оюуныг тоос мэт бүрхэж байдаг элдэв дээдийн бодлыг Бурхны сургаалд “Нисваанис”, “Түмэн бодол” гэхчлэн нэрлэдэг.
Дээр өгүүлсэн бүхнээс үзэхэд хоёр настай хүүхэд хэл суръя ч гэж бодохгүй зөвхөн билиг оюуны хурц чанартаа дулдуйдан байгалийн аясаар хэл сурчихдаг. Харин хорин настай залуугийн тухайд гэвэл гадаад хэлний хичээл дээр сууж байхдаа тухайн хичээлд анхаарлаа хандуулахын оронд “Гэдэс өлсөж байх чинь.”, “Энэ хичээл хурдан дуусаасай.”, “Монголд ч гадаад хэл сурахгүй юм шиг байна аа. Болж өгвөл нутагт нь оччихвол хурдан сурна байх даа.”, “Хурдан харьж FM-ээ сонсох юмсан.”, “Өнөө орой бүх телевизээр солонгос кинотой юм байна лээ шүү дээ.” . . . .гэх мэтчилэн есөн шидийн бодол толгойд нь эргэлдэж байдаг. Тэгвэл энэ байдлыг арилгаж хоёр настай хүүхэд шиг болчихвол, өөрөөр хэлбэл билиг оюуныг тоос мэт бүрхэж, төрөлхийн хурц чанарыг нь бууруулж байдаг “Түмэн бодлоос” чөлөөлөгдөж зөвхөн гадаад хэл рүү билиг оюунаа төвлөрүүлж чадах юм бол хорин настай залуугийн хувьд хоёр настай хүүхдээс илүү сайн гадаад хэлийг сурах боломжтой болдог байна. Манай өвөг дээдэс Бурхны сургаалын номлосон энэхүү зүй тогтлыг эрт дээр үеэс нарийн сайн мэддэг байсан тул “Гэрийн сургалт” хэмээх аргыг боловсруулж дорно дахины таван хэлтэй сод мэргэдийг бэлтгэн гаргадаг байжээ. “Эртний монголын гэрийн сургалтын арга” нь өвөг дээдсээс маань бидэнд өвлүүлэн үлдээсэн хосгүй нандин соёлын өв тул бид мэдээллийн эрин зууны ололттой түүнийг бүтээлчээр хослуулан ашиглаж чадвал гадаад хэл суралцагсдад наад зах нь таван хэлийг төгс эзэмшүүлэх боломжтой.
Ганц хэлийг ч олигтойхон сургачихаж чадахгүй байгаа өнөө үед таван хэлийг төгс суралцана гэдэг амаргүй сонсогдож байж болох юм. Харин хүндийн гол төв нь усны дор оршдог мөсөн уулын онолоор авч үзэх юм бол таван хэл гэдэг зөвхөн үзэгдэх тал бөгөөд дээрхи сод мэргэд гүн ухаан, тэжээхүй ухаан, төр барих зэрэг бусад нарийн төрөл мэргэжлийн эрдэмд мөн л нэвтэрхий сайн байсан байж таарна.
Энэ бүхнээс дүгнэн хэлэхэд хүний гадаад хэл сурах авьяас бага настай хамт ул мөргүй алга болдоггүй гагцхүү та элдэв бодолд автан гиюүрч байдгаа таягдан хаяж хамаг анхаарлаа гадаад хэл сурах үйлсдээ зориулж чадвал амжилт хажуу дэргэд чинь байж байдаг гэдгийг байнга санаж явагтун. Харин түмэн бодлоос яаж ангижрах аргын талаар доор өгүүлсү.

Түмэн бодлыг цөөлөх үндсэн арга буюу сэтгэл тогтохуйн ёсон

Бид дээр аливаа нарийн эрдэм ухаан бүхнийг сурч мэдэх төрөлхийн хурц чанар бүхий билиг оюуны онцлогийн талаар товч дурдсан. Хэрвээ хүн байгаль, нийгэм, гэр бүлийн зэрэг гадаад орчноос үүдэлтэй түмэн зүйлийн бодлоо аль болохоор цөөлж чадвал билиг оюуны хурц чанар улам бүр тодрон эцэстээ ухаарал гэгээрэлд хүрч Бурхны хутгийг олох боломжтой тухай “Билиг бармидын зүрхэн судар”, “Доржзодов” зэрэг хөлгөн судруудад номлосон байдаг. Тэгвэл түмэн бодлыг яаж цөөлөх вэ гэдэг талаар Бурхны сургаал төдийгүй Күнзийн сурталд ч нарийн аргыг зааж номлосон байна. Күнзийн сургаалд “Төрөө зас, төрөө засахын тулд гэрээ зас, гэрээ засахын тул биеэ зас, биеэ засахын тулд эрдэм сур, эрдэм сурахын тулд сэтгэлээ тогтоо” хэмээн номложээ. Тэгэхээр эрдэм сурах, ялангуяа гадаад хэл сурахын урьдчилсан нөхцөл нь сэтгэлээ тогтоосон байх хэрэгтэй байх нь ээ. Гэтэл одоогийн олонхи хүүхэд залуучууд гадаад хэл сурах чин эрмэлзэлтэй боловч сэтгэл нь тогтоогүй FM сонсох, солонгос кино цаг наргүй үзэх, PC тоглоом тоглох, шар сонин унших, дэмий сэлгүүцэх зэрэгт автсан байдаг тул эцсийн үр дүн ямар байх нь ойлгомжтой. Өөрөөр хэлбэл билиг оюуны хурц чанар дээр өгүүлсэн олон зүйлсэд автан сарниж байна гэсэн үг. Харин тэр бүхнийг орхин огоорч, гагцхүү сурахаар зорьсон гадаад хэлэндээ ухаан санаагаа зөв төвлөрүүлж чадах юм бол та хэдэн ч настай бай хамаагүй хоёр гурван настай хүүхэд шиг тухайн гадаад хэлийг тун богино хугацаанд сайн сурах боломжтой. Бурхан багшийн сургаалд “Сахилаас сэтгэл тогтоно, сэтгэл тогтвол билиг үүснэ.” хэмээн номлосон байдаг. Орчин үеийн хүмүүст энэ ёсыг ойр дөхөм болгон тайлбарлаваас “Хүн өдрийн нарийн дэгтэй байж, муу зуршилд автахгүй, биеэ хол байлгаад зөвхөн сурахаар зорьсон эрдэмдээ сэтгэлээ төвлөрүүлж чадвал амжилтанд хүрч чадна.” гэсэн үг юм. Чухам ийм учраас манай өвөг дээдэс гэрийн сургалтын аргаар шавь нартаа эрдэм зааж эхлэхийн өмнө сэтгэлийг нь гурван савны гэмээс арилгадаг байжээ. Тэр гурван савны гэм гэдэгт “Цоорхой савны гэм”, “Хөмөрсөн савны гэм”, “Бохир савны гэмийг” багтаан авч үздэг. “Цоорхой савны гэм” гэдэгт хүний салан задгай, хайш яйш зан төрх, “Хөмөрсөн савны гэм” гэдэгт хэнэггүй, гиюүрсэн байдал, “Бохир савны гэм” нь хүний хар муу санааг хэлдэг байна. Сэтгэлийн эдгээр гэмүүд нь “Нисваанис буюу түмэн бодол”-ыг үүсгэх нөхцөл болдог тул эдгээрээс ангижирсан сэтгэл ариусч билиг оюуны хурц чанар тодрон ямар ч нарийн эрдэм ухааныг сурах боломжтой болдог ажээ. Энэ бүхнийг уншиж байх зуур уншигч та нирваан дүрийг үзүүлээд 2500 гаруй жил нэгэнт улиран одсон боловч билгийн чанадад хүрч сэтгэлийн амгаланг олсон Бурхан багшийн завилан суугаа гэгээн дүр бидэнд өнөө хэр хичнээн нарийн гүн санааг бэлгэдэн ойлгуулж байдгийн учрыг ухаарч эхэлсэн болов уу гэж найднам.
Дээр өгүүлсэн бүхнийг дүгнэн хэлэхэд түмэн бодлоос ангижран, аль болохоор цөөлөх үндсэн арга нь сэтгэлийг тогтооход байдаг ажээ. Харин сэтгэлийг хэрхэн яаж тогтоох гол арга нь сахилыг сахих явдал байдаг байна. Өөрөөр хэлбэл аллага, хүчирхийлэл зэргээр дүүрсэн шар сонин уншиж, телевиз болгоноор солонгос кино үзэн, орцонд найз нөхөдтэйгээ дэмий балай зүйлийг хэдэн цагаар хүүрнэж байдаг нь өөрт чинь ямар ч ашиг өгөхгүй, харин ч есөн шидийн дэмий балай бодолд автахад өөрийг чинь түлхэж байдаг гэдгийг ухаарах хэрэгтэй. Тийм болохоор өглөө эрт босож, шөнө орой унтан, гэр амьтай байж, гэр орон цэвэрлэх, хоол ундаа хийх, хувцас угаах зэрэг өөртөө болон гэр бүлдээ ашиг тустай үйлийг хийж илүү гарсан чөлөөт цагаараа гадаад хэлийг тууштай үзэх юм бол богино хугацааны дотор тухайн гадаад хэлний учрыг олж цаашид өндөр амжилтанд хүрэх боломжтой юм. Хүүхэд залуус өдрийг ийнхүү үр бүтээлтэй өнгөрөөж байвал зөвхөн гадаад хэл болон бусад эрдмийг амжилттай суралцаад зогсохгүй хэдэн жилийн дараа хүмүүжилтэй, үзэл бодол зөв төлөвшсөн иргэн болох тул цаашдын амьдралд маш ашиг тустай байх нь ойлгомжтой. Урьд өмнө тэр болгон сонсож байгаагүй энэ аргын тухай уншиж байх зуур танд бусад хичээл номоо яах билээ? Ийм аргаар гадаад хэлийг сурна гэвэл бусад ажил сурлага орхигдоно гэсэн гэнэн бодолд хөтлөгдөхийг үгүй гэх газаргүй юм. Энэ бол зөвхөн дээр өгүүлсэн нөгөө дэмий балай түмэн бодлын чинь нэг нь л явж байгаа хэрэг. Харин хүн дунджаар дал насладаг гэвэл хоногоор шилжүүлэн тооцоход та энэ бүх хугацааны 23 жилийг зогсож, 16 жилийг унтаж. . . гэх мэтээр асар их цагийг үр дүнгүй өнгөрөөдөг атлаа зөвхөн 450 хан хоногийг л суралцахад зарцуулдаг гэдгийг мэдэх үү? Мөн хоногийн 24 цагийн ердөө арван тавхан хувийг л та сургууль дээрээ хичээл хийхэд зарцуулдаг байна. Тэгэхээр танд гадаад хэл сурахад илүүчлэх чөлөөт цаг хангалттай их байгаа гэсэн үг. Тийм болохоор та эргэлзэхийн хэрэггүй яг өнөөдрөөс эхлэн чөлөөт цагаа ашиглаад гадаад хэл сурах их аянд зориг шулуудан орох хэрэгтэй. Энэ аяндаа тууштай гурван сар явсаны дараа та үр шимийг хүртэж эхлэх бөгөөд зам зуур ямар саад бэрхшээл тохиолдох болон тэр бүхнийг хэрхэн даван туулахад манай ном таны мэргэн зөвлөгч, дотны анд нөхөр чинь байх болно. Харин би өнөөдөр гэдэг үгийг зүгээр ч нэг хэлээгүй юм шүү. Чухам энэ өнөөдрийг л зөв ашиглаж чадсан хүн гадаад хэлийг амжилттай суралцагсдын эгнээний олонхийг бүрэлдүүлж байдаг. Та бүхний дунд энэ номыг уншиж байх зуур “Арван жилд орос хэлний багш Дулмаа, дээд сургуульд англи хэлний багш Гончиг нар бидэнд ёстой юу ч өгөөгүй шүү. Тэд нар тун муу багш нар байжээ. Тэднээс болж би гэдэг хүн орос ч хэлгүй, англи ч хэлгүй хоосон хоцорсон. Их сургууль төгсөөд хоёр гурван жил боллоо. Энэ хооронд сургуульд үзсэн бага сага гадаад хэлний мэдлэг маань бүр ор тас мартагдлаа.” гэх буюу сургуульд сурч байгаа нэг нь “Гуравдугаар курсийг ёстой дэмий хоосон өнгөрөөчихлөө. Гадаад хэлний багш муу заасан нь л даа. Гэхдээ би өөрөө өдөрт ядаж хоёр гурвахан үг цээжлэх минь яав даа.”, “Өнгөрсөн долоо хоногт би өдөрт ганц ч шинэ үг цээжлээгүй байна шүү. Ёстой баларсан юм боллоо.” гэх зэргээр бодож байгаа хүмүүс зөндөө олон байгаа. Энэ хэсэг хүмүүс бодол санаагаараа өнгөрсөн үедээ амьдарсаар байгаа ажээ. Гэтэл зарим нь ийн халаглаж байхад бас цөөнгүй хэсэг нь “Арван жилдээ ч гадаад хэлийг гавьтай сайн сурсангүй төгсчихлөө. Аав ээжийнхээ буянаар их сургуульд элсэн суралцахаар боллоо. Энд л тэр англи хэлийг чинь сайн сурах минь.” гэх буюу “Хурдан тавдахь өдөр дуусаасай, хагас бүтэн сайн өдөр амрахгүй англи хэлээ үзнэ дээ. ”, “Цагаан сараар хамаатан садантайгаа золгохгүй гадаад хэлийг үзэх минь, өвлийн амралт хурдан болоосой.” гэж бодож байгаа хүмүүс мөн олон л байгаа. Харин энэ бол бодол санаагаараа ирээдүйд хөвж яваа нэг хэсэг юм. Энэ хоёр бодлын аль аль нь гадаад хэл сурахад бодит ашиг тусгүй гэдэг нь ойлгомжтой боловч олонх хүмүүс ийм байдлаар өдөр хоногийг үр дүнгүй өнгөрөөсөөр байдаг. Харин эдгээр бодлыг таягдан хаяж тухай тухайн өдөрт өөрийн цаг боломжиндоо тааруулан гадаад хэлийг үзээд эхлэсэн хүмүүс үр шимээ зохих ёсоор нь хүртдэг байна. Мэдээжийн хэрэг та гадаад хэл үзээд эхлэсэн тэр өдөр сэтгэл санаа чинь тогтоод эхлэхгүй нь лавтай. Та арван жилдээ тухайн хэлээрээ гавьтай сайн сураагүй, одоо ч олигтой сурсан мэдсэн зүйл үгүй байсан ч хамаагүй, бүр анхан шатнаас нь эхлэн үзэхэд оройтохгүй. “Сайн эр өшөөгөө авахад арван жил ч оройтохгүй.” гэсэн хятадын мэргэн үг байдгийг санаж явагтун. Анхан шатнаас нь эхлэн өдөр болгон 2-3 цаг тууштай үзээд байхад гурван сарын дараа өөрийн чинь гадаад хэлний мэдлэг мэдэгдэхүйц сайжрахыг мэдрэхийн зэрэгцээ нэг жилийн дараа та ангийнхаа хамгийн тэргүүний оюутан сурагчийн хэмжээнд хүрсэн байх болно. Энэ зуур ганц ч өдөр алгуурлан таслаж болохгүй. Харин үнэхээр тууштай чармайн хичээллэж чадваас зөвхөн гадаад хэлний мэдлэгээ дээшлүүлээд зогсохгүй, сахилга баттай, тэвчээртэй, хүмүүжилтэй, хувийн зохион байгуулалт сайтай, хариуцлагатай гэх зэрэг олон сайн чанар танд бүрэлдсэн байх болно. Харин гадаад хэлний хичээлийг давтахдаа юуг яаж хийх талаар дор нарийвчлан тайлбарлая.

“Нэг үүдийг нээвэл үүд үүд нээгдэнэ”

“Гэрийн сургалтын аргын” талаар танилцуулж байгаа манай энэхүү бяцхан товхимол маань гадаад хэлийг нэвтэрхий сайн суралцахаар зориг шулуудсан хүмүүст зориулагдсан гэдгийг энэ дашрамд хэлье. Англи, орос, хятад, япон, солонгос, герман зэрэг аливаа нэгэн гадаад хэлийг нэвтэрхий сайн сурсан байхын тулд тухайн хэлээр чөлөөтэй ярьж, бичиж, ном, сонин, сэтгүүл уншиж, кино, телевиз болон радиогийн нэвтрүүлэг үзээд чөлөөтэй ойлгох зэрэг чадваруудыг эн тэнцүү эзэмшсэн байх хэрэгтэй. Хамгийн гол нь тухайн хэлээрээ сэтгэх чадвар бол хамгийн төгс сайн сурсаны илрэл болдог. Өөрөөр хэлбэл дээрх бүх чанаруудыг цогцоор нь эзэмшсэний үндсэн дээр сая тухайн хэлээр сэтгэх чадварыг эзэмшинэ. Гадаад хэл сургалтын эцсийн зорилго бол ерөөсөө ийм чанаруудыг эзэмшсэн хүнийг бэлтгэн гаргах явдал билээ. Тийм болохоор манай гадаад хэлний их дээд сургуулиуд эдгээр чадваруудыг тэнцүүхэн олгох зорилгоор дээр өгүүлсэн чиглэлүүдэд хандуулан хичээлийн программ хөтөлбөрийг зохиосон байдаг. Гэвч харамсалтай нь тэр болгон хүссэн үр дүндээ хүрч чаддаггүй. Амьдрал дээр ажиглаж байхад гадаад хэлээр суралцан төгсөгч зуун хүний 20 орчим хувь нь гайгүй онц сайн төгөөд гарч байгаа нь нууц биш. Бусад төрөл мэргэжлийн хувьд ч гэсэн бараг л иймэрхүү дүр зураг байдаг болов уу? Аль нэгэн компаний бүтээгдхүүний ганц хувь нь гологдол байх юм бол зам зээлийн ширүүн өрсөлдөөний нөхцөлд дампуурах нь гарцаагүй. Гэтэл нийгмийн хөгжлийн тэргүүлэгч салбар болсон боловсролын байгууллагуудад бүтээгдхүүний гологдол ийм өндөр хувьтай байгаа нь гадаад хэлний салбарт эрс шинэчлэл хийхийг сануулж байнам биш үү?
Бид номын эхэнд юуг ч сурч мэдэх гоц чадвартай билиг оюуны нарийн онцлогийн талаар товч дурдаж байсан. Харин түүний энэхүү гоц нарийн увдисыг зөв ашиглахын үндэс нь нэгэн эшт зүйлд хандуулах явдал гэдгийг та ойлгосон байх гэдэгт итгэж байна. Амьдрал дээр бид тэр бүр үүнийг ойлгодоггүй болохоор хүн болж төрсөний дээдийн хишиг болох билиг оюуны зүйрлэшгүй их хүчийг ашиггүй дэмий балай зүйлсэд хандуулан сарниан алдаж байдаг. Тухайлбал дөнгөж эрдэм сурч эхлэж байгаа хүүхдэд цагаан толгойн хичээл цаг гаруй зааж байснаа түүнийгээ больчихоод дуу дуулуулаад эхлэдэг. Тэгээд дараачийн цаг дээр тоо бодуулах гэх мэт. Маргааш өдөр нь зургийн хичээл, хөдөлмөр гэх мэтээр билиг оюуны хүчийг ёстой сарниаж өгдөг. “Хүүхэд бүр зургаан нас хүртлээ Да Винчи шиг суутнууд байснаа сургуулийн ширээн дээр суугаад жирийн хүүхэд болон хувирдаг.” гэсэн үг байдаг нь өрнөдийн сурган хүмүүжүүлэх ухаанд ч гэсэн хүүхдийг зөнгөөр нь сургах хичнээн чухал болохыг ойлгож мэдэрч байдгийн баримт юм. Тэгэхээр яах хэрэгтэй гэсэн үг вэ? Ерөөсөө л цөөн хэрэгтэй хичээлийг өдөр болгон зааж, түүнийхээ системийг бүрэн төгс ойлгуулсны дараа өөр бусад уялдаатай хичээлүүдийг зааж сургах хэрэгтэй юм. Тэгвэл цаг хором бүрээр баяжиж хязгааргүй уудам орон зайд тархаж байгаа мэдлэг мэдээллээс орхигдон хоцрох биш үү? Санаа зовох хэрэггүй. Харин ч хүүхдийг физикээр Ньютон, Эйнштейн шиг, химийн хичээлээр Менделеев, Ломоносов шиг, биологиор Дарвин шиг гэх мэтээр тал бүрийн өргөн мэдлэг олгох зорилт тавиад түүний үр дүн санаснаас хавьгүй муу байгааг бид амьдрал дээр харж байна шүү дээ. Харин ч уураг тархинд нь энэ хүнд мэдлэгийн системүүдийг чихэж оруулах гээд арга ядаж байх зуур бид хүүхдэдээ хүн байх ёсны тухай хамгийн гол мэдлэгийг олгох явдлыг умартан орхисноо одоо л бага сага ойлгоцгоож байна. Харин ийм буруу замаар будаа тээж байхын хооронд амьдралд хэрэгтэй цөөн тооны хичээлийг сонгож системтэй мэдлэг олгохын зэрэгцээ хүн байх ёсыг зааж, зөв хүн төлөвшүүлэхэд анхаарч байвал үр дүн нь хавьгүй их байдгийг манай хот хөдөөд ажиллаж ихээхэн нэр хүндийг олж байгаа турк сургуулийн жишээ бидэнд харуулж байна. Манай хүүхэд багачууд сар дэлхийг тойрдог, дэлхий тэнхлэгээ эргэх зуур нарыг тойрч байдаг болон атом молекулын хөдөлгөөн зэргийг андахгүй сайн мэддэг хэрнээ хүний амьдралын зорилго, хүн байх ёсны талаар ямар ч ойлголт мэдэгдэхүүнгүй байдаг нь чухам сургалтын чиг зорилго, арга барил гажуудсантай холбоотой юм. Энэ олон зүйлийг нуршиж буйн цаад учир гэвэл оюутан сурагчдад олгох эрдэм мэдлэгийн төрөл зүйлийг оновчтой сонгож, оюун бодлыг нь зөв зүйтэй төвлөрүүлж өгөх нь чухал гэдгийг онцлож байгаа хэрэг л дээ. Гэтэл манай боловсролын тогтолцоонд энэ зүй тогтлыг харгалзан үзэлгүй гадаад хэлний хичээлийг долоо хоногт 3-4 удаа л орохоор хичээлийн хуваарийг зохицуулаад зогсохгүй, зарим тохиолдолд ийм цөөхөн байгаа атлаа орчуулга, сонсгол, яриа гэх мэтээр өөр өөр чиглэлд төрөлжүүлсэн байдаг. Ийм байхад оюутан сурагчдын оюун санааны зөв төвлөрлийг яахин бүрдүүлж чадах билээ.
Харин Бурхан багшийн сургаалд “Нэг үүдийг нээвэл үүд үүд нээгдэнэ.” хэмээсэн байдаг нь аливаа эрдмийг сурахдаа нэг чигийг барьж сурваас төгс амжилтанд хүрнэ гэсэн утгатай юм. Үүнийг гадаад хэл сурахтай холбон тайлбарлавал илүү ойр дөхөм байх болов уу? Тухайн гадаад хэлээр дурын ном сонин уншиж, кино болон телевизийн нэвтрүүлэг үзээд ойлгодог, монголоос тухайн хэл рүү, тухайн хэлнээс монгол хэл рүү ямар ч сэдвээр чөлөөтэй орчуулж, чөлөөтэй сэтгэж ярьж чаддаг хүнийг л сая тэр хэлэнд төгс боловсорсон хүн гэж хэлж болох тухай дээр өгүүлсэн. Эдгээр олон чадваруудыг тэнцүүхэн эзэмшдэг хэрэг гээд энэ олон чиглэл рүү зэрэг зэрэг дайрах юм бол амжилтанд хүрэхэд бэрхтэй. Тийм уйгагүй хичээнгүй хүн хэд байдаг билээ. Харин манай өвөг дээдэс гэрийн сургалтын аргадаа Бурхан багшийн номлосон дээрхи “Нэг үүдийг нээвэл үүд үүд нээгдэнэ.” гэсэн сургаалыг ягштал хатуу мөрддөг байжээ. Тухайлбал зөвхөн уншилт бичилт хоёрыг гол болгодог байсан байна. Монгол гэрт арван хэдэн шавь сургана гэж үзвэл багш цагаан толгойг зааж сургаад дараа нь шавь нараараа чанга дуугаар тодорхой сэдвийг хөнгөнөөс хүнд рүү зугуухан шилжүүлж олон дахин давтан уншуулдаг байжээ. Чанга унших үед харааны тогтоолт, сонсгол дээшлэх, хэл эвлэх зэрэг олон чадварууд нэгэн зэрэг сайжрахаас гадна хамгийн гол нь төрөлхи хэлний сэтгэлгээний саадыг гэтлэн харь хэлний сэтгэлгээнд нэвтрэхэд маш чухал нөлөөтэй байх нь ойлгомжтой юм. Ийм аргаар зугуухан тууштай хичээллүүлэхэд суралцагсдад хүндрэл огт гарахгүй бөгөөд арван хэдэн хүүхдээс хоцрогч гэж байхгүй бүгд л тухайн гадаад хэлийг амжилттай төгс суралцан дараачийн хэлийг сурах нөхцөл бүрддэг байжээ. Энэ маягаар явсаар хэдэн жилийн дараа ямар ч сэдвээр төвөггүй уншиж ойлгон, бичих чадвартай болсон байх бөгөөд сонсгол, яриа, нааш цааш хөрвүүлэх зэрэг чадвар ч дагалдан төгс боловсрох нь мэдээж юм.
Дашрамд дурдахад манай хүмүүс тухайн гадаад хэлээр ярьдаг болохыг ихэд хүсэмжлэн мөрөөддөг. Гэтэл ярианы хэл гэдэг нь зөв сайн хичээллэвэл сургалтын доод шатанд бүрэлддэг чадвар юм. Би энд тэнд явж гадаад хэл сурах аргын талаар яриа хийж явахад оюутан залуусаас яаж ярианы хэлэнд сайн болох вэ? Шинэ үгийг яаж цээжлэх вэ гэсэн асуулт хамгийн олон тохиолддог. Тэдгээр хүмүүст хөнгөвтөр бичвэр өгөөд уншуулах гэхээр түг таг хийгээд сайн уншиж чадахгүй байх нь олонтоо. Цагаан цаасан дээр хараар бичсэн бичвэрийг түгдрэхгүй сайхан уншчихаж чадахгүй байгаа хүн юу ч харалгүй толгойгоороо сэтгээд гадаадын хүнтэй хурдан түргэн ярина гэж байхгүй шүү дээ. Тийм болохоор гадаад хэлийг амжилттай сайн суралцъя гэсэн чин хүсэлтэй залуустаа зөвлөхөд эхлээд тухайн гадаад хэлний зөв сайхан дуудлагыг сайн эзэмш. Дараа нь хөнгөн хялбар бичвэрийг хурдан түгдрэлгүй яруу сайхан уншиж сур. Ийм чадварыг эзэмшчихсэн хүн ярихад санаа зовоод байхын хэрэггүй гэдгийг та сурчихсан хойноо аяндаа мэдрэх болно. Би танаас түгдрэлгүй хурдан түргэн ярьдаг чадварыг шаардаагүй, зөвхөн хурдан түргэн хүнд ойлгогдохоор цэвэр тод уншдаг болчих гэж зөвлөж байна. Инэгж чадсан цагт маш богино хугацаанд ганц алхаад л ярианы хэлний сайн чадварыг эзэмших болно. Энэ зуур бичвэрийн агуулгыг зугуухан хүндрүүлж гарсан шинэ үгийг тольдон чанга дуугаар уншаад бай. Гарсан шинэ үгнүүдийн утгыг ойлгоод л цээжлэлгүй хаяад байгаарай. Яагаад гэж битгий асуу. Үгээ тольдож утгыг ойлгоод л цээжлэлгүй орхиод бай. Долоогоос арван дөрөв хоногийн дараа цээжлэлгүй орхиод байгаа мөртлөө шинэ үгс түрүүчээсээ цээжлэгддэг болно. Энэ талаар хойно дэлгэрэнгүй тайлбарлана. Ийм маягаар явсаар хэдэн сарын дараа ямар ч сэдвээр толь бичиг харахгүй ойлгодог болж, хурдан түргэн уншдаг болчихвол ярих, орчуулах, сонсож ойлгох зэрэг бусад чадварууд дагалдан бүрэлдсэн байх болно. Тэгээд боломж байдаг бол тухайн гадаад хэлний хүрээлэлд ороод хүнтэй харилцаж үзвэл хагас сарын дараа гэхэд маш чөлөөтэй сайхан ярьдаг болсон байна. Энэ бүхнийг уншиж байх зуур та шинэ үг цээжлэх гэж хамгийн хүнд даваа байдаг шүү дээ. Дүрмийн мэдлэгийг яаж гартаа оруулах вэ? гэх мэт олон олон асуултын хариуг орхичихоод байна. Тэр бүхнийг яавал дээр вэ гэх мэтээр асуумаар зүйл олон байж таарна. Үүний хариу болгож та тэр бүхнийг асуухаасаа өмнө миний хэлсэн цэвэр сайхан бичдэг болохын тулд олон дахин хуулж бичих , зөв цэвэр сайхан уншиж чаддаг болох гэсэн энэ хоёр чадварыг сайтар сурч эзэмшихийн тулд л өдөр болгон шаргуу хичээллээд бай. Харин хуулж байх явцдаа шинэ үгийнхээ орчуулгыг байн байн эргэж харж байгаарай. Ийм маягаар гурван сарын турш тасралтгүй хийгээд байвал таны урьд өмнө эргэлзэж байсан олон олон асуултын хариулт аяндаа тайлагдах болно гэдгийг хэлэх байна.
Би энэхүү бяцхан номоор дамжуулан өвөг дээдсийнхээ гадаад хэл сурах амьдралаар батлагдсан сонгодог аргуудыг хүүхэд залууст товч боловч танилцуулъя гэсэн зорилго тавьсан тухайгаа дээр тэмдэглэж байсан. Тийм болохоор энэ сэдвийг уншиж байгаа хүүхэд залууст зөвлөхөд та бүхэн миний бичсэн зүйлээс өөрт хэрэгтэй зүйлийг ойлгож аваад хувь хүний онцлогт тохирсон, орчин нөхцөлдөө нийцсэн зөв аргыг боловсруулж гадаад хэлийг үзвэл тодорхой амжилтанд хүрнэ шүү. Дээр дурдсанчлан сурагч оюутан хүн долоо хоногийн таван өдөр өглөөнөөс үд дунд хүртэл сурна гэж үзвэл жилийн нийт хугацааны дөнгөж арван таван хувь нь сургалтанд зориулагддаг гэсэн тооцоо байдаг тухай хэлсэн. Өөрөөр хэлбэл үлдсэн наян таван хувь нь таны мэдлийн чөлөөт цаг байдаг гэсэн үг. Дээр нь энэ арван таван хувийн хэдэн хувь нь гадаад хэлний хичээлийн цаг байдаг билээ гээд бодохоор тун өчүүхэн хувь гарах нь мэдээж юм. Тийм болохоор сургуулиас, багшаас гадаад хэлний төгс мэдлэг олж авна гэж найдах нь бараг нь утгагүй хэрэг л дээ. Манай хүүхэд залуус гадаад хэлийг сайн сурахгүй байгаагийн нэг нууц нь бас л саяын дурдсан жишээтэй холбоотой. Тэгэхээр амжилттай сурахын тулд өөртөө найдах нь хамгийн зөв юм. Харин амьдрал дээр байдал шал эсрэгээр байдаг нь нууц биш. Хүн өөртөө байгаа асар их боломжийг олж харалгүй аливаа асуудлыг шийдэх арга замыг үргэлж гаднаас эрж хайдаг. Би үүнийг ухаарахад дөхөм болгож Буддын шашны дияаны аймагтай холбоо бүхий нэгэн бяцхан түүхийг өгүүлье. Дияаны аймаг гэсэн бэлээхэн сайхан монгол үг байхад манай зарим зохиолч судлаачид Зэн Буддизм гэж оросоор дамжуулан буруу орчуулж бичээд байгаа болохыг энэ дашрамд хэлэх нь зүйтэй.
“Нэгэн залуу эр үнэний зам мөрийг олохын тулд нутгийн алдартай дияаны сүмийг зорин очиж эрдэмт ламд шавь оржээ. Багш нь түүнд чи эхлээд сүмийнхээ бусад лам хуврагуудтай уулзаж танилц. Түүний дараа би өөрт чинь ариун номын авшигийг хүртээх болно гэжээ. Залуу эрийн сэтгэл түүнд ихэд урамшин баясч тэр өдөртөө л багтаан тус сүмийн тавин хэдэн хөгшин залуу лам хуврагуудтай уулзан танилцсанаа багшдаа очиж айлтгажээ. Багш нь түүнд чи нэг чухал хүнтэй уулзаж танилцаагүй байна. Түүнтэй уулзаж сайтар танилцсаны дараа чамд авшиг хүртээн ном айлдаж эхлэнэ гэж гэнэ. Маргааш өглөө нь мөнөөх залуу эр эртлэн босож нөгөө уулзаагүй хүнийхээ эрэлд гарчээ. Тэр урьд өмнө нэгэнт танилцсан лам хуврагуудтай дахин уулзаж мөнөөх үл таних хүнээ сураглахад тэд бүгдээрээ мэдэхгүй хэмээн толгой сэгсэрчээ. Залуу эр бүхэл өдөржин дэмий эрэл сурал болсоны эцэст нар гудайхын алдад өлсөж цангахын эрхээр ус уухаар худаг руу тонгойх үедээ нөгөө эрэл сурал болсон хүнээ олж харжээ.” Тэр үл таних хүн нь чухам өөрөө болохыг уншигч та төвөггүй ойлгож мэдсэн байх гэдэгт итгэж байна. Та ч гэсэн урьд өмнө тэр болгон гаднаас нь олж харж байгаагүй “Дотоод би” гээ олж харагтун. Та орос хэлний Дулмаа, англи хэлний Гончиг багш нарынхаа мэдлэг, заах аргыг голж, арван жилд гадаад хэл сурч амжилгүй цаг хугацааг онгоц буудах, хөзөр тоглох зэргээр дэмий өнгөрөөснөө санагалзаж, чухам өнөөдрийг ашиглан гадаад хэлнийхээ номыг барьж авахын оронд болоогүй хагас бүтэн сайн өдөр, өвөл зуны амралтыг гиюүрэн хүлээж суугаа шүү дээ. Харин та өөрөө өөрийгөө дайчилж, ядаж гурван хоног гадаад хэлний хичээлээ тууштай барьж аван хийж байсан удаа бий бил үү? Манай оюутнуудын дунд “Багшаа би арван жилд байхдаа зургадугаар ангиас хойш хүний урманд ганц удаа номоо нээж харж байсан удаа үгүй. Харин таны хэлсний дагуу сүүлийн үед хичээл хийж үзсэн чинь болдог юм байна. Үүндээ их урам орж байна.” гэх буюу өдөрт дөрвөн цаг FM сонсож түүнээс ч багагүй цагийг солонгос кино үзэн өнгөрөөж байсан хүүхдүүдтэй цөөнгүй тааралдсан. Та нарын дунд ч гэсэн тийм хүүхэд залуучууд байж л байгаа. Тэгвэл яг өнөөдрөөс, яг одооноос гадаад хэлний хичээлээ давтахад 2-3цаг гаргачих. Би хоцорсон байлгүй дээ гэсэн өөдгүй бодлоор битгий өөрийгөө чөдөрлөөрэй. Хүний толгойд эргэлдэж байгаа түмэн бодол билиг оюуны хүчийг сарниаж байдгаас гадна эдгээр дэмий бодлууд хүнийг агдлан хүлж байдаг гэдгийг санагтун. Та элдэв дэмий бодлоо таягдан хаяад ядаж нэг сар, ядаж долоо хоног хийгээд л үзэгтүн. “Эзэн хичээвэл заяа хичээнэ.” гэсэн монголын сайхан зүйр үгийн хичнээн үнэн болохыг та мэдрэх болно.

Ямар хүн гадаад хэлийг төгс сурах боломжтой вэ?

Монгол хэлээр ярьж чаддаг хүн болгон сурах боломжтой. Тэр дундаа тухайн гадаад хэлийг сурах чин эрмэлзэлтэй, уйгагүй тэвчээртэй хүн ямар ч гадаад хэлийг баталгаатай төгс сурч чадна. Та арван жилдээ гадаад хэлний хичээлд гавихгүй байсаар их дээд сургуульд ч гэсэн тэр байдал чинь үргэлжилсээр байж мэдэх юм. Тэгсэн ч миний одоо сурдаг хөг өнгөрсөн байлгүй дээ гэж битгий бодоорой. Жаахан хүүхэд гадаад хэлийг хэрхэн хурдан сурдагийн нууцыг дээр өгүүлсэн шүү дээ. Тийм болохоор хичнээн их хоцорсон мэт санагдаж байвч бүр эхнээс нь үзээд алдахад оройтохгүй. Шинээр үзэж эхлэхээр шийдсэн бол өдөр болгоны үзэх хичээлийн ачааллыг битгий их байлгаарай. Үзэх сэдвийн их бага гол биш хамгийн чухал нь өдөр болгон тогтмол хийгээд байх явдал л чухал юм шүү. Анхан шатны хичээлийг бага гэж басах дунд дээд шатны хүнд сэдэв рүү санаархан ороод зориг мохох явдал бол эхлэн үзэгчдийн амжилтанд хүрдэггүйн нийтлэг шалтгаан мөн. Тэгэхээр анхан шатны хичээлийн агуулгыг сайтар эзэмшин зөв сайхан уншиж сурахад тэвчээртэй хичээх хэрэгтэй. Энгийн хялбар байна гэж битгий гологтун. Та бүхний гадаадад очиж сурвал, гадаад багштай байсан цагт сая сайн ярьдаг болох байлгүй гэж мөрөөдөөд байдаг ярианы хэлний чадвар чинь чухам л анхан шатанд бүрддэг юм шүү дээ. Тийм болохоор анхан шатны хичээлийн бичвэрийг бага гэж басалгүй дахин чанга дуугаар дуудан уншаад бай. Цэвэр сайхан хуулан бичээд бай. Харин яг хэд унших бичихийн тухайд гэвэл өөрийн цаг боломжоо харгалзан тогтоо. Тэгэхдээ өдөр бүр 2-3 цагаас багагүй хугацаатай байхаар зохицуулах нь чухал. Ингээд анхан шатны хичээлүүдийг гартаа оруулсан бол дунд шатны хичээл рүү зугуухан орж болно. Шинэ үгээ тольд, утгыг сайтар орчуулан ойлгож ав. Тэгээд л анхан шатанд үзэж байсан аргаараа олон дахин хуулж, уншаад бай. Энэ үед хуулалт, уншилтын тоогоо бага зэргээр бууруулж болно. Энд анхааруулж хэлэхэд өдөрт 2-3 цаг гадаад хэлээр хичээллэнэ гэвэл уншилт 30 минут орчим үлдсэн хугацааг хуулж бичихэд зарцуулж болох юм. Аливаа гадаад хэлийг үзэж байхад дунд шатанд хоёр хэлний сэтгэлгээний зөрөө ихсэж ирнэ. Тухайлбал манай монгол хэлэнд “Эмнэлэгт хэвтэх”,“Бөгтөр хүн” гэж ярьдаг байхад хятад хэлээр “Эмнэлэгт амьдрах”, “Тэмээн нуруутай хүн”, япон хэлээр “Эмнэлэгт амьдрах”, “Мууран нуруут” гэх мэт. Хамгийн гол нь та энэ бүхэнд төвөгшөөн яршиг шаалгүй тэвчээртэй олон дахин уншиж бичээд байх хэрэгтэй. Тэгэх аваас тодорхой хугацааны дараа хоёр хэлний энэ мэт сэтгэлгээний зөрөөг гэтлэн давж нэг л мэдсэн эх сайхан монгол хэл шигээ ойлгож тэр түвшинд ярьж бичиж орчуулдаг болсон байх болно. Та өдөрт хоёр цаг л гадаад хэлээр хичээллэнэ гэж тогтсон бол тэр хугацаагаа ягштал барьж байвал их өгөөжтэй шүү. Зарим сэтгэл хөөрсөн үедээ 4-5 цаг толгой өөд татахгүй хичээллээд дургүйгээ хүрэхээрээ хоёр гурван өдөр ор тас хаяж давхиад байвал хүссэн үр дүнгээ өгөхгүй сэтгэл гонсгор хоцрох нь ойлгомжтой. Тийм болохоор хоёр цаг хийхээр тогтсон бол тэр л хугацаандаа давтаж хийчихээд номоо хойш тавьж бай. Харин хагас бүтэн сайн хэмээн өөртөө чөлөө өгч өдөр алгасахгүй байх нь чухал. Зарим хүн гадаад хэлийг сурах аргачлал гэхээсээ илүү баахан гүн ухаан номлочихлоо, яг барьцтай юу хэлэх гээд байгаа юм бол доо? гэж бодож байж болох юм. Ингэж шүүмжлэхээсээ өмнө та миний дээр бичсэн зүйлсийг дахин нэг тогтож уншаад эрэгцүүлэн бодож үзээрэй. Хамгийн гол нь нөхцөл боломжиндоо тохирсон өөрийн гэсэн аргыг боловсруулж ав. Тэгээд гурван сар тууштай хичээллэсний дараа маш олон зүйлийг ухаарч хаашаа явах, юу сурах чиг чинь тодроод ирнэ. “Аливаа хүн сурах чиглэлийг эрхэм болговол хандах зүг өөрөө тодорно.” гэж жанжин Сүхбаатарын хэлсэн үг чухам энэ ёсыг сургаж байгаа юм. Ингээд дээр бичсэн зүйлсээ базан өөрийн боловсруулсан гадаад хэлийг сурах аргын гол санааг танилцуулъя. “Гадаад хэл сурахын тулд өдрийн зөв дэгийг баримталж, амжилттай сурахын төлөө сэтгэл санаагаа төвлөрүүлэн тогтоо. Битгий элдэв дэмий зүйл бодож толгойгоо гашилга. Тухайн өдөр үзсэн сэдвийг олон дахин унш. Олон дахин хуулан бич. Илүү гарсан чөлөөт цагаа гэрийн ажил хийх зэрэг ашигтай үйлд зориулан муу зуршил, муу нөхдөд бүү уруу татагд.” Эртний монголын гэрийн сургалтын цөм болсон энэхүү аргыг манай “Гэгээ” гадаад хэлний дээд сургууль өнгөрсөн зургаан жилийн хугацаанд туршин хэрэгжүүлж ирсэн бөгөөд төгсөгчид маань амжилттай сайн суралцан эртний хятад хэлний мэдлэгийг хүртэл гүнзгий сайн суралцсан хүн хэд хэд бий. Мөн энэ аргаар суралцсан манай оюутнуудаас англи, хятад, япон хэлний улсын чанартай уралдаан тэмцээнд амжилттай оролцон шалгарч америк, япон улсад өнөө хэр хоёр хүн суралцаж байна. Сүүлийн гурван жил дараалан хятад хэлний улсын олимпиадад манай сургуулийн оюутнууд л энэ чиглэлийн хувийн их дээд сургуулиудаас ганцаараа шахуу МУИС, ХИС зэрэг олон жилийн сургалтын аргын баялаг уламжлалтай томоохон сургуулийн оюутнуудтай ана мана өрсөлдөж байгаагийн нууц нь гэвэл чухам “Эртний монголын гэрийн сургалтын аргыг” амжилттай туршин хэрэгжүүлж буйд байгаа билээ. Ялангуяа 2005 оны улсын олимпиадад манай сургуулийн хоёрдугаар курсийн нэг ангийн долоон охин эхний арван байранд шалгарч анги сургуулийн хамт олноо баярлуулсныг тэмдэглэн хэлэх нь зүйтэй юм.

Гадаад хэлний мэдлэг дээшлэх үе шатууд

Би өөрийн чинь хэлсэн аргаар гурван сар уншиж бичээд овоо дөртэй болчихлоо. Одоо цаашаа яаж хичээллэх вэ? гэсэн асуулт гарч мэдэх юм. Гэхдээ үнэхээр гурван сар энэ аргаар уйгагүй хичээллэсэн хүн байх аваас иймэрхүү зүйл асуухгүй дуугүй л цаашаа үргэлжлүүлэн сурах болов уу гэж би бодож байна. Яагаад гэвэл олонх хүмүүс хэлний авьяасгүйдээ биш хичээл номоо давтахгүй, оролдохгүй байгаагаас гадаад хэлний хичээлдээ хоцроод байгааг та бүхэн миний дээр өгүүлсэн хэсгийг уншиж байхдаа ойлгосон байх аа. Харин хийгээд, оролдоод байгаа хүнд бол олон олон асуултын учиг аяндаа аяндаа ойлгогдож тайлагдах болно. Эртний хятадын их сэтгэгч Лаоз “Их ёсны тухай сонссон дээд төрөлтөн дуугаа хураадаг. Дунд төрөлтөнд тийм ч юм шиг, үгүй ч юм шиг санагддаг. Харин доод төрөлтөн шоолж инээдэг.” хэмээх мэргэн сургаалаа айлдсан байдаг нь чухам үүнийг хэлж байгаа юм. Дээр өгүүлсэн “Гэрийн сургалтын аргыг” сонирхон хичээллээд үзсэн чин зоригтой хүн чамгүй ихийг ухаарч чигээ олсон байх нь эргэлзээгүй. Харин энэ сургаалд үл итгэж, биеийн амрыг харах дуртай нэг нь хуучин байрандаа л хэвээрээ хоцорсон байх нь дамжиггүй. Хэдийгээр хүн болгон өөр өөрийн боломж нөхцөлдөө тохируулан энэ аргыг хэрэглэх талаар сануулж байгаа боловч санаа аваг гэсэндээ оюутнууддаа зааж сургадаг хэлний түвшингээ дээшлүүлэх үе шатны талаар энд ярихад илүүдэх юун. Сурах бичиг дээрх анхан дунд шатны бичвэрүүдийг түүртэлгүй уншиж ойлгодог болсон хойно илүү гарсан цагаараа тухайн хэл дээр хялбаршуулсан уран зохиолын номыг орчуулгатай нь тулгаж унших буюу өөрөө тольдон унших хэрэгтэй. Унших сэдвээ зугуухан хүндрүүлсээр өгүүллэг, тууж, романыг цөөн цөөн хуудсаар өдөр болгон тогтмол уншиж эхлэ. Роман тууж гэхээр хэцүү байлгүй гэж битгий өөрийн оюун санаанд хүндрэл үүсгээрэй. Хэрвээ өдөр болгон тогтмол уншаад эхлэвэл өгүүллэг роман хоёр яг ижилхэн хүндрэлтэй байдаг. Харин ч нэг үйл явдалд нь орчихвол роман унших хүндрэл өдөр хоногоор багасч байдаг. Манай олон нэртэй сайн орчуулагч гүүш нар бүгдээрээ тухайн хэл дээр ном зохиол түлхүү унших нь мэдлэгээ дээшлүүлэхэд ач тустай болохыг сануулан бичиж хэлж байсан нь санамсаргүй хэрэг биш. Харин шинээр гарч буй үг хэллэгүүдийг яаж тогтоох талаар шинэ үг цээжлэх гэсэн хэсэг дээр тодорхой тайлбарлаж өгөх тул энд нэмж нуршихыг азная. Ийм маягаар хоёроос таван роман уншчихсан байхад мөн ч их юм ойлгогдоно доо. Роман руу орсон тохиолдолд чанга дуугаар биш нүдээрээ хурдан гүйлгэж унш. Үг хэллэгийг өөрийн болгоё гэж яаралгүй зөвхөн утга санааг ойлгоод аль болох хурдан, их зүйлийг уншвал өгөөж нь маш их шүү. Харин ярианы хэлний номноосоо өөрт таалагдсан практикт өргөн хэрэглэгдэж мэдэх сэдвүүдийг сонгон аваад 15-30 минут орчим чанга дуугаар уншиж байхаа мартавзай. Сонин сэтгүүл, уран зохиолын номыг чөлөөтэй уншаад ойлгож чадахгүй байгаа тохиолдолд радио, телевиз үзэж сонсголоо сайжруулъя гэж битгий оролдоорой. Нүдээ хараад ойлгохгүй байгаа зүйлийг чихээрээ сонсоод ойлгоно гэж байхгүй шүү дээ. Харин ямар ч сэдвийн зүйлийг уншаад чөлөөтэй ойлгодог болсон цагт радио телевиз үзээд ойлгодог болно гэдэг ердөө л хагас сарын ажил. Яагаад гэвэл та чанга дуугаар уншиж байх зуур сонсгол чинь нээгдэж байдаг юм. Томоохон роман барьж аваад уншдаг болсон хойноо тухайн хэлээр гардаг хамгийн олон уншигчтай сэтгүүлийг сонгон унш. Олон янзын сэтгүүл рүү үсчихгүй нэг хоёр сэтгүүлийг дагнан унших нь өгөөжтэй шүү. Сэтгүүлийг өдөр болгон тогтмол уншаад байвал 14-хоногоос нэг сарын хугацаанд нэвтэрхий сайн уншдаг болно. Дараа нь бас л нэр хүндтэй, олон уншигч бүхий нэгээс хоёр сонинг сонгож унш. Мөн л дээрхитэй ижил хугацааны дараа ямар ч сэдвээр сайн уншиж ойлгодог болно. Ном, сонин сэтгүүл чөлөөтэй уншиж ойлгодог болсны дараа олон ангит кино үзэж эхлэ. Доогуураа үсгэн тайлбартай кино байвал бүр сайн. Эхлээд үзэхдээ зөвхөн үсгийг нь харж ойлгохыг хичээ.Зугуухандаа үсгийг хараад төвөггүй ойлгодог болно. Энэ маягаар тогтмол үзээд байвал зугуухандаа үсэггүй олон ангит киног ч ойлгодог болно. Кино чөлөөтэй ойлгодог болсон бол өөрийн дур сонирхолд тохирсон нэвтрүүлгүүд үзэж эхлэ. Энэ маягаар үзсээр байтал ямар ч сэдвээр кино, телевизийн нэвтрүүлгийг чөлөөтэй ойлгодог болсон байна. Ийм түвшинд хүрсэн хүн тухайн хэлний орчинд ороод 1-2 сарын дараа маш чөлөөтэй ярих чадварыг эзэмшиж чадна. Энэ бүх үе шатыг туулсан хүн монгол хэлнээс тухайн гадаад хэл рүү орчуулах бичих чадвартаа түлхүү анхаарах хэрэгтэй. Хэрвээ үнэхээр уйгагүй, хичээнгүй хүн бол ийм маягаар хичээллэхэд 1,5-2 жилийн хугацаанд хүссэн үр дүндээ хүрч чадна.

Хүн өдөрт хичнээн шинэ үгийг цээжлэх боломжтой вэ?

Энэ талаар бичихийн өмнө та бүхэнд 1968 онд Болгарын сэтгэл зүйч эрдэмтдийн хийсэн нэгэн сонирхолтой туршилтын талаар ярьж өгье. Эрдэмтэд нэг жолоочийг судалгаандаа оролцуулахын тулд түүнийг гэрээс нь дагуулж гараад машиныг нь жолоодуулан хүрээлэн дээрээ авчирсан байна. Дараа нь тусгай аргаар ховсдон хагас унтанги байдалд оруулаад сая ирсэн замын дагуу хэдэн гэрлийн шон байсан тухай асуухад нөгөө хүн 598 гэж огтхон ч эргэлзэлгүй хариулжээ. Эрдэмтэд түүний ул мөрөөр түүний гэрээс хүрээлэн хүртэлх зам дагуух гэрлийн шонг тоолж үзвэл үнэхээр 598 байсан байна. Орчны санаанд оромгүй үзэгдэл юмсыг бүртгэн тогтоож байдаг энэхүү ухамсрын хэлбэрийг “Далд мэдрэхүй” гэж нэрлэдэг. Чухам энэ “Далд мэдрэхүй л ” гадаад хэл сурах, шинэ үг цээжлэхэд шийдвэрлэх үүрэгтэй байдаг ажээ. Болгарын эрдэмтэн Лозанов “Далд мэдрэхүйн” энэ онцлог чанарт тулгуурлан гадаад хэлийг эрчимтэй сургах арга зүйг боловсруулсан нь ихэд алдаршин өнөө хэр дэлхийн дахинаа өргөн хэрэглэгдэж байгаа билээ. Түүний удирдлагаар хичээллэж байсан оюутнууд хоногт 450 шинэ үг цээжлэж дээд амжилтыг тогтоож байсан байна. Би гэр бүлийнхээ хүнтэй хамт монголын гадаад хэлний сургалтанд зоригтой өөрчлөлт хийе гэсэн өөдрөг бодол өвөрлөн 1999 онд “Гэгээ” гадаад хэлний дээд сургуулийг байгуулж хятад япон хэлний сургалт явуулж ирлээ. Ийнхүү оюутан залууст гадаад хэлийг сургах үйлсдээ ажиглаж мэдсэн туршлага мэдлэгээ та бүхэнтэй харамгүй хуваалцъя гэсэн хүсэл маань энэхүү номыг бичихэд тодорхой хэмжээгээр нөлөөлсөн. Манай сургуулийн хичээл миний дээр өгүүлсэн түлхүү уншуулж, хуулуулах арга дээр тулгуурлан зохион байгуулагдсан байдаг. Хятад хэлийг эхлэн үзэж байгаа тохиолдолд зөвхөн хичээл дээр л багшийг дагаж зөв уншихыг зөвшөөрдөг. Харин гэрт нь бие дааж унших, ярих, цээжлэх даалгаврыг тэр болгон өгөөд байдаггүй. Шинэ үгнүүдийн орчуулгыг нэг удаа хэлж өгч бичүүлээд гэртээ бичвэрээ олон дахин хуулаарай гэсэн даалгавар өгч явуулдаг. Нэгдүгээр курсийн эхний улиралд дараачийн хичээл үзэхийн өмнө тогтмол шинэ үгийн хяналтын ажлыг цөөн минутанд багтаан авдаг. Оюутан хүн өөрөө уйгагүй хуулаад байсан тохиолдолд сар гаруй хугацааны дараа шинэ үг цээжлэх явдал бэрхшээл байхаа больж тав зургаа орчим хуулж байх явцад л аяндаа нүдлэгдээд байдаг болчихдог. Анги сургууль даяараа тогтмол хуулах уншихын ач тусыг мэдэрсэн байдаг болохоор залхуу идэвхигүй оюутан ч өөрийн эрхгүй хамт олныхоо идэвхитэй байдалд татагдан ордог юм. Тийм болохоор манай сургуулийн хамгийн тааруу сурлагатай оюутны хувьд ч шинэ үг цээжлэх нь тийм хүндрэлтэй асуудал биш байдаг. Энэ утгаар авч үзвэл “Гэгээ” гадаад хэлний дээд сургуулийн оюутнуудын хувьд нэгдүгээр курсийн эхний улирал нэлээд ачаалалтай үе байдаг бөгөөд дээшлэх тусам хичээл улам хөнгөрөөд л байдаг. Үзэх сэдэв багассандаа хөнгөрч байгаа хэрэг биш, харин гадаад хэлний зөв, бат бэх суурь тавьж өгсөн болохоор цаашид ачаалал улам хөнгөрч байгаа хэрэг юм. Оюутан сурагч хүний хувьд хоног хугацааны дөнгөж арван таван хувийг танхимын сургалт эзлээд үлдэж буй хувь нь өөрийн мэдлийн чөлөөт цаг байдаг болохоор түүнийг ашиглаж өөрт тохирсон хөнгөн хялбар ном аль болох их уншиж эхлэх нь чухал байдаг тухай дээр дурдаж байсан шүү дээ. Манай сургуулийн хувьд оюутны чөлөөт цагийн уншлагыг бүрэн утгаар нь сайтар зохион байгуулж өгдөг. Сурах бичгээс хальж дурын номыг уншуулж эхлэх энэ үед шинэ үг олноор гарах нь ойлгомжтой. Ийм уншилтыг чанга дуугаар биш зөвхөн хараагаар уншуулдаг. Уншилтын хугацааг эхлээд багавтар тогтоож байснаа зугуухан ихэсгэх, өдөрт 1-2 хуудас уншиж байснаа түүний тоог зугуухан нэмэх гэх мэтээр ачааллаа нэмэгдүүлж болно. Хамгийн гол нь өдөр алгасахгүй тогтмол уншаад л байвал аяндаа олон зүйл ойлгогдоно. Миний хувьд ийм уншилт хийж байгаа оюутнууддаа эхлээд цөөн хуудас уншиж, утгыг нь тайлбарлаж өгөөд үйл явдалд нь орсон хойно бие даалган уншуулдаг. Ингэхдээ толин дээрээс шинэ үгийн таарах утгыг тэмдэглэн авч номын тухайн хэсэгт юу өгүүлж байгааг ойлгосон л бол тухайн шинэ үгийг цээжлэлгүй орхиод бай гэж оюутнууддаа хэлдэг. Энэ нь хүний “Оюун ухааны залхуу чанарт” үндэслэсэн арга юм л даа. Ингээд тольдоод яваад байхад эхэн үедээ зуун үг тольдлоо гэхэд тухайн өдөр хорь гуч нь цээжлэгдэн үлдсэн байх болно. Энэ хувь хэмжээ зугуухан нэмэгдсээр сүүлдээ тольдох үгийн тоо цөөрч цээжлэх чадвар улам нэмэгдсээр л байдаг. Эртний дорно дахины ном сударт хүний оюун ухааныг хадуурдаг морьтой зүйрлэн бичсэн байх нь бий. Энэ зүйрлэлийн дагуу бол хүн өөрөө гадаад хэлний шинэ үгийг цээжлэе гэж хичнээн хичээлээ ч цээжлэгдэхгүй байх нь олонтоо байдаг. Нэгэнт л тийм зүй тогтол байдаг юм бол та шинэ үгийг цээжлэхгүй гэж бодоод уйгагүй тольдон уншаад л бай. Өдөр алгасахгүй ийн хичээн оролдоод байх юм бол нэг л мэдсэн дээрх аргыг гартаа оруулан үр шимийг нь амсаж мэдэрсэн байх болно. Саяхан манай хоёрдугаар курсийн оюутнууд нэг сонин туршилт хийснээ надад хэлж байсан нь юу гэвэл тэд хоорондоо уралдан шинэ үг цээжлэхэд хамгийн сайн хүүхэд нь 10 минутын дотор 70 шинэ үг цээжилсэн ажээ. Энэ бол муугүй л үзүүлэлт. Гэхдээ ийм чадвартай болохын тулд уйгагүй оролдлого давтлага юу юунаас ч илүү чухал бөгөөд нэгэнт ийм түвшинд хүрсэн тохиолдолд шинэ үг цээжлэх гэдэг хүнд асуудал огт биш болчихно. Эцэст нь хэлэхэд аливаа нэгэн аргын жинхэнэ мөн чанарыг өөрийн хичээл зүтгэлээр гартаа оруулж ач тусыг нь хүртэх боломжтой. Түүнээс өмнө хичээж оролдож үзээгүй хэн нэгэн хүнд тухайн аргын тухай ярьж, бичиж ойлгуулна гэдэг хятад ардын үлгэрт гардагчлан “Сохор хүмүүс тус бүртээ зааныг гараараа тэмтрэн бусаддаа өөрийн мэдэрсэнээ зүйрлэн ярьж өгдөгтэй” агаар нэгэн хэрэг болох юм. Тийм болохоор дээр дурдсан аргаар оролдоод үз. Хамгийн гол нь өөртөө хэт их ачаалал өгөхгүй, өдөр болгон тогтмол хийгээд байх нь чухал шүү. Гадаад хэлийг сурсаны үр шим зугуухан тодордог. Зүйрлэн хэлвээс өдөр хоног улиран өнгөрсөөр мод цэцэг ногоорон зун болдог шиг, халгин урсах гол мөрний ус захаасаа зайрмагтан байснаа нэг л мэдэхэд нэлэнхүйдээ мөсөн хуягаа өмсдөг шиг гадаад хэлний мэдлэг чинь зузаарч байгаа нь өөрт чинь тэр болгон мэдэгдэхгүй. Харин зөв аргаар зөв хичээллэсээр нэг л голдрилоо олоод явчих юм бол атгын чинээ бөөрөнхий цасыг уулын уруу өнхрүүлэхэд доошлох тусам улам томорсоор бэлд очихдоо гэрийн чинээ том болдог шиг, явуулын хүмүүсийн өргөсөн ганц нэг чулуу нэг л мэдсэн уулын орой дахь овоо болон сүндэрлэдэг шиг гадаад хэлээр хичээллэсний үр шим нэг л өдөр өөрт чинь мэдрэгдэх болно. Тийм болохоор энэ зүй тогтлыг ойлгон яарамгүй нөрүүхэн сайхан хичээллээд байгаарай.

Дүрмийн талаар товчхон

Би хорь гаруй жил монголын хятад хэлний ертөнцөд тоосоо өргөж явахдаа олон сайхан том орчуулагч нартай нүүр тулан уулзах завшаан тохиолдсон бөгөөд тэдний олонх нь “Би дүрэм сайн мэдэхгүй, гэхдээ хятадаар алдаатай ярьж бичихгүй.” гэж ярьж байхыг цөөнгүй удаа сонсож байсан. Энэ нь тэр хүмүүс монгол болон хятад хэлний дүрмийн талаар огт мэдлэггүй гэсэн үг биш харин ч бусдаас илүү мэдлэгтэйг илтгэхийн зэрэгцээ харь хэл сурч байгаа хүмүүс дүрмийн мэдлэгт хэт их ач холбогдол өгөхийн хэрэггүй гэдгийг онцолж байгаа хэрэг юм. Бусад хэлний тухайд ч мөн өөрцгүй дүрмийн талаар зөв цэгцтэй ойлголттой байвал зохино. Манай хүмүүс сурч судалж эхлээгүй мөртлөө англи хэлний үйл үг нь цагийн хорин зургаан хувиралтай байдаг гэсэн гэж ам дамжин хэлэлцэж түүнээс бэрхшээж байдаг. Хятад япон хэлний цагаан толгойн үсэг нь 5000 байдаг гэнэ лээ. Тийм хэлийг яаж сурдаг байна аа гэж ганц өдөр ч сурч эхлээгүй байж бас л бие биесийнхээ зүрхийг үхүүлж байх нь бий. Чухам юу байдгийг нь цаг заваа гарган үзээгүй байж ийнхүү өөртөө хий хоосон бэрхшээл үүсгэх нь дэмий хэрэг л дээ. Амьдрал дээр ажиглаж байхад хүний санаанаасаа зохион буй болгосон энэ мэт саад тотгорол л гадаад хэлний сургалтанд тохиолдож байдаг хувь хүнээс хамааралтай хамгийн том бэрхшээл юм. Энэхүү наян хувьтай тэнцэхүйц том бэрхшээлийг санаанаасаа зайлуулж чадвал үлдэх бодит бэрхшээл дөнгөж хорин хувь л байх болов уу. Тийм болохоор толгойдоо эргэлдэж байгаа элдэв эргэлзээ тээнэгэлзлийг өөрөөсөө зайлуулж яг өнөөдрөөс эхлэн гадаад хэлний хичээлээ зориглон барьж ав. Энэ номыг зохиогч гэж нэг их айхтар амьтан тэнгэрээс залран бууж ирчихээд та нарт сургаал номлол айлдаад байгаа хэрэг биш. Би ч гэсэн хүүхэд байхдаа та нартай адилхан гадаад хэлний хичээлд түүртэж, олон олон эргэлзээ тээнэгэлзэлд толгой эргэж явсан удаатай. Харин гадаад хэл сурах чин хүсэлдээ хөтлөгдөн, уйгагүй хичээл зүтгэл гаргасны үрээр өдий зэрэгтэй болсон туршлага мэдлэгээ та бүхэнтэй хуваалцаж байгаа минь энэ. Аливаа хэлэнд өргөн хэрэглэгддэг, цөөн хэрэглэгддэг, бичгийн хэлний, ярианы хэлний гэсэн харилцан адилгүй үүрэгтэй олон дүрмүүд байгаа. Түүнийг сурах бичиг, толь бичгүүд болон гадаад хэлний багш нар тэр болгон ялган зааж өгч чаддаггүй. Тийм боломж ч тэр болгон үгүй юм. Тэгэхээр гадаад хэл суралцаж байгаа хүн хичээлээс гадуурх чөлөөт цагаа ашиглан өргөн сэдвээр уйгагүй тогтмол уншилт хийсний үр дүнд сая хамгийн өргөн хэрэглэгддэг дүрэм, үгсийн сан зэргийг ойлгон мэдэж авах боломжтой болдог байна. Дээр өгүүлсэн англи хэлний үйл үг хорин зургаан цагийн хувиралтай байдаг гэдэг боловч яг ярианы хэлэнд тун цөөхөн нь хэрэглэгдэж байдаг шүү дээ. Харамсалтай нь манай өнөөгийн сургалтанд энэ бүх онцлогийг ялган зааглаж өгөхгүй анхан шатны сургалтаар шинэ оюутан сурагчдад тэр бүх цагийн хувиралуудыг хэдхэн өдөрт багтаагаад заачихдаг болохоор хувь хүний оюуны ачааллыг хэт ихэсгэх, түүний улмаас сурахгүй халшрах, өөрийн гадаад хэл сурах авьяастай эсэхэд эргэлзэх нь олонтоо байдаг байна. Тийм болохоор ямар ч сэдвээр чөлөөтэй уншдаг болохын төлөө л өдөр болгон уйгагүй хичээн оролдоод бай. Тухай тухайн өдөр бичвэр дээр гарсан дүрмүүдийн утга, хэрэглээний онцлогийг ойлгож аваад л уншаад бай. Монгол хэлний дүрэм шигээ чөлөөтэй сайн хэрэглэдэг болъё гэж битгий хэт их яар. Би оюутнууддаа “Гүн ойлго, энгийн илэрхийл.” гэж сургадаг. Энэ нь ямар ч сэдвийн бичвэрийг барьж авсан цаад утга санааг нь маш гүн гүнзгий ойлго. Харин ярьж бичих тохиолдолд энгийн сайхан үгээр ойлгомжтой илэрхийл гэсэн утгатай юм. Анх сурч байгаа хүн цөөхөн үгтэй, дүрмийн мэдлэг хомс атлаа дунд дээд шатны бичвэрүүд рүү санаархаж хэзээ ингэж сайхан ярьж бичдэг болно доо хэмээн санаашрах, тэгсэн атлаа анхан шатны үг хэллэг, дүрмээ чөлөөтэй ашиглаж чадахгүй орхих зэрэг завсардмал байдал гаргах нь олонтоо ажиглагддаг. Тийм болохоор анхан шатны дүрмүүдийг сайтар эзэмш. Монгол хэлнийхээ дүрмийн талаар ч гэсэн зохих мэдлэгтэй бай. Аливаа гадаад хэлийг сурч байгаа хүн үйл үгийн цагийн хувирал, хэрэглээний дүрмүүдийг сайтар анхааран эзэмшсэн байх нь юунаас ч илүү эрхэм чухал юм. Амьдрал өөрөө үйл хөдлөл дунд оршдог. Тэр бүхнийг илэрхийлж байдаг хамгийн хөдөлгөөнтэй, хувиргамтгай гишүүн байдаг болохоор өгүүлбэрийн дотор үйл үг онцгой чухал үүрэг гүйцэтгэнэ. Хүн нэр үг, тэмдэг нэр зэргийг мэдэхгүй байхад зааж зураад юм уу? Дохио зангаагаар ойлгуулчихаж болно. Харин тэр болгон тийн орлуулах боломж байдаггүй болохоор үйл үгийг түлхүү сайн цээжилж хувиргааг нь гаргууд сайн эзэмших хэрэгтэй гэж хэлмээр байна.
Миний хувьд гадаад хэлийг эхлэн үзэж байгаа оюутнуудад харь хэлний дүрмүүдийг монгол хэлний дүрэм шигээ сайтар эзэмш гэж тулгадаггүй. Хятад хэлний дүрэм ч гэж нэг их айхтар нарийн зүйл байдаггүй л дээ. Шинэ үг цээжлэхтэй адилхан онцгой хүндрүүлж ач холбогдол өгөхгүй, уншилт хуулалтыг нь голлоод л явж байтал нэг мэдсэн дүрэм хэцүү гэсэн зохиомол бэрхшээл ард хоцрон монгол хэлний дүрэм шигээ хэвийн сэтгэлзүйгээр ханддаг болсон байдаг. Хятад хэлнээс гадна гучин хэдэн жил орос, англи, япон зэрэг хэлийг их бага хэмжээгээр сурч судлаж байсны хувьд миний дээр өгүүлсэн аргууд эдгээр хэлийг сурахад ч зохих үр дүнгээ өгнө гэдгийг баттай хэлэх байна.

Гадаад хэлийг сурч байгаа хүн том цайзыг эзлэж байгаа цэргйин жанжинтай адил

Би хичээлийн жил болгоны эхэнд гадаад хэл сурахтай холбогдсон сэтгэлзүйн бэрхшээлийг хэрхэн даван туулах талаар шинэ оюутнуудад хэдэн цагийн лекц уншдаг. Гол агуулга нь энэ номонд үндсэндээ бараг туссан байх гэж бодож байна. Би ярианыхаа далимд гадаад хэл сурч байгаа хүнийг цэргүүдээ удирдан том цайзыг эзлэж байгаа цэргийн жанжинтай зүйрлэн ярихад оюутнууд их тааламжтай хүлээн авдаг. Миний бодлоор гадаад хэлийг сурахад төрөлх хэлний сэтгэлгээний нөлөөлөл гол саад болж байдаг. Тийм болохоор англи, хятад хэлний үгсийг цэргүүд гэхэд юм бол дүрмийг стратеги тактикаа болгон төрөлх хэлний сэтгэлгээний хана хэрмийг эвдэж цайзыг бүхэлд нь эзлэх хэрэгтэй. Хэрвээ ингэж уураг тархиндаа төрөлх хэлнээс гадна харь хэлний сэтгэлгээний тогтолцоог бүрэлдүүлж чадвал тэр хүнийг сая тухайн гадаад хэлэнд нэвтэрхий сайн боллоо. Цайзыг бүрэн эзлэж чадлаа гэж хэлж болох юм. Түүнээс гадна би хэл сурч байгаа хүнийг ачаа хүргэхээр яваа жолооч, уулын оройд мацаж байгаа хүнтэй зүйрлэдэг. Ачааг өөр газар хүргэхээр яваа жолоочийн тухайд зам сайн байх нь хамгаас чухал шүү дээ. Түүнтэй адилхан хэл сурч байгаа хүний зөв, цэвэр сайхан дуудлагыг жолоочийн замтай зүйрлэж болно. Зам буюу дуудлага нь маш сайн байвал гадаадын хүнтэй төвөггүй нэвтрэлцэж чадна гэсэн үг.
Миний өгүүлэн байгаа энэхүү гэрийн сургалтын аргыг гадаад хэлний сургалттай бага, дунд, их дээд сургуулийн багш нар хичээл заахдаа нэвтрүүлж болохоос гадна, оюутан сурагчид, бие даан гадаад хэл суралцаж байгаа хүмүүс ч гэсэн чөлөөт цагтаа тохируулан хэрэглэж болох юм. Сүүлийн үед манай эцэг эхчүүд үр хүүхдэдээ гадаад хэлний мэдлэг олгоход ихээхэн анхаардаг болжээ. Энэ нь тун сайн хэрэг. Тэд сайн багш сайн сургуулийг эрж сурах нь олонтоо боловч өөрсдөө үр хүүхдийнхээ гадаад хэлээр амжилттай суралцахад шийдвэрлэх үүрэгтэй гэдгийг тэр болгон ухаардаггүй. Өрнөдөд “Сурахуйн хувьсгал” гэдэг нэртэй ном тун гүйлгээтэй байгаа. Түүнд бичсэнээр бол сургалт хүмүүжлийн ажлыг амжилттай явуулахад сургуулиас гадна, гэр бүл, нийгмийн орчин шийдвэрлэх онцлогтой болохыг онцлон тэмдэглэсэн байна лээ. Номын эхэнд өгүүлсэн бага насны хүүхдийн сэтгэлийг тогтоох, дэгтэй болгон сургахад эцэг эх л шийдвэрлэх үүрэгтэй шүү дээ. Мөн архи дарс хэрэглэхгүй, хэрүүл цуугиан гаргахгүй байх нь хүүхдийн оюун санааны хэвийн өсөлт торнилтод юу юунаас илүү чухал. Мөн зөв, чанартай сургуулийг сонгон олж үр хүүхдээ гадаад хэл сургах нь эцэг эхийн үүрэг юм. Сүүлийн жилүүдэд манай олон арван эцэг эхчүүд америк, япон, солонгос зэрэг гадаадын орнуудад очиж хөлс хүчээ урсган ажил хийгээд хуримтлуулсан жаахан мөнгөөрөө байшин сав, машин тэрэг худалдан авахын зэрэгцээ үр хүүхдээ гадаад хэлний мэдлэгтэй болгочихъё гээд хятад зэрэг оронд өндөр төлбөртэйгөөр явуулан сургаж байна. Гэтэл арван жилд сурах арга барилаа олоогүй, мөнгөний үнэ цэнийг мэдэхгүй балчир жаахан хүүхдүүд эцэг эхийн хараа хяналтаас алс хол газар боломжийн мөнгөн хангамжтай оччихоод хүссэн үр дүнд хүрэхээр сурч чадахгүй байдал цөөнгүй үзэгдэх боллоо. Сүүлийн хоёр гурван жилийн хугацаанд хүүхэд нь хятадын Бээжин, Шанхай зэрэг томоохон хотод хоёр гурван жилийн хугацаанд хятад хэл сурсан нэртэй боловч цээжилж тогтоосон ханз үсэг нь манай дотоодын нэгдүгээр ангийн хүүхдийг ч гүйцэхгүй долоон дор байхыг үзээд “Бид энэ хүүхдийг сургах гэж 10-20000 доллараа зарсан.Гэтэл юу ч сураагүй ийм байдалтай байна гэж үү дээ?” хэмээн халаглах эцэг эхчүүд тааралдаж байна. Энд үр хүүхдээ сайн сайхан боловсролтой болгоё гэсэн эцэг эх, юмны учир мэдэхгүй, сурах эвээ олоогүй балчир үрсийн хэнийг буруутгах билээ? Хамгийн гол нь манай хүмүүсийн гадаадад л оччих юм бол автоматаар шахам тухайн орны хэлийг сурчихдаг юм шиг буруу зөрүү ойлголт ийм байдалд хүргэж байгааг хэлэх хэрэгтэй. Тэгээд хэдэн мянган юань өвөрт нь хийж өгөөд явуулсан хүүхдүүдийн жаахан том нь монголчуудын сурсан зангаар нийллэг, баар, диско хэсээд явчихдаг. Арай нас бага нь PC тоглоод хичээлээ хийхгүй, таслаад өдөржин унтаад байгаа болохоор сурч мэдсэн гавьтай зүйлгүй адаг сүүлд нь дээр өгүүлсэн байдал хавтгайрах хандлагатай болж байна. Хятад хэлээ сайн сураагүй ирэх бага хэрэг, харин эцэг эхийн хараа хяналтгүй байсан өсвөр насны хүүхдүүд нийгмийн идэвхигүй сул дорой хүмүүс болон хувирч байгаа нь юугаар ч нөхөж баршгүй том гарз хохирол юм. Тийм болохоор эцэг эхчүүдийн гол үүрэг бол үр хүүхдээ сахилга баттай зөв сайхан хүн болгон хүмүүжүүл, тэгээд чанартай сургалт явуулдаг сайн сургуульд оруулж өөрсдийн хараа хяналтын дор гадаад хэлийг сургах нь хамгаас эрхэм чухал шүү гэдгийг хэлэх байна.
Одоо сурах бичгийн агуулгын зохисгүй харьцаанаас үүдэлтэй хүндрэлийг хэрхэн даван туулах талаар товч зөвлөлгөө өгье. Манайд төдийгүй дэлхийн бусад улсуудад ч нийтлэг тогтсон жишиг гэвэл олонх гадаад хэлний зориулалттай сурах бичгүүд агуулгын хувьд тун цэгц муутай байдаг. Тухайлбал өнөөдрийн үзсэн хичээл дээр “Танилцах, мэндчилгээ” гэсэн сэдвийн бичвэр үзэж байсан бол маргааш нь “Гуанз зоогийн газарт”, “Шуудан холбоонд” гэсэн авцалдаагүй сэдвүүдийн цуглуулга байх жишээтэй. Үүний улмаас гадаад хэлийг эхлэн суралцаж байгаа хүний хувьд барьц алдан би л гадаад хэл сурах авьяасгүй юм байлгүй гэсэн бодолд автацгаадаг. Миний бодлоор хамгийн сайн сурах бичиг нь анхан дунд шатанд хэрэглэгддэг шинэ үгсийг хатуу ялган зааглаад, шинэ үгсийн тоог зугуухан нэмж, давтамж сайтай байхаар бичвэрүүдийг зохион байгуулсан байвал сайнсан. Гэвч харамсалтай нь тийм шинжлэх ухааны үндэслэлтэй зохиогдсон сурах бичиг хараахан гараагүй байгаа болохоор амьдрал дээр хэрэглэгдэж байгаа сурах бичгийн дутагдалтай талуудыг ухаалгаар даван туулах л ганц арга зам хэл сурч байгаа хүний хувьд үлдээд байна. Энэ нь юу гэвэл мөн л дээр өгүүлсэн тухайн өдрийн бичвэрүүдийг олон дахин хуулж бичих, унших явдал юм. Таны хэлснээр хуулж бичээд ямар ч үр дүн гарахгүй байна шүү дээ. Хэзээ яг үр шимээ өгч эхлэх юм бэ? гэж адгуу зарим нь асууж магадгүй. Тийм хүмүүст би өнөөдөр тарьсан байцааны үрээс маргааш нь ургац хурааж болдог бил үү? Үрээ суулгаад тогтмол усалж арчлаад бай. Үр соёолно, зугуухан томорно. Тэгээд гурав дөрвөн сарын дараа том байцаа болдог биз дээ? Хэл сурч түүний үр шимийг амсана гэдэг яг л мод, зүлэг, ногоо тарьж ургуулж байгаагаас огт өөрцгүй. Байцаа тариад байцаа л хурааж авах бол гадаад хэлийг төгс сайн сурсаны үр дүнд хүртэх үр жимс нь тухайн гадаад хэлээр маш өргөн мэдээлэл олж авдаг болох, өндөр цалин хөлстэй нэр хүндтэй ажилд орох, хувийн зохион байгуулалт, сахилга бат сайтай болон хүмүүжих, тархи оюун задарч ухаалаг болох гээд маш их байх болно. Бид арван жилийн сургуулийг төгсөхдөө тоо, физик, түмэн бодис, гэр ахуй, хими. . . гэх зэрэг нийтдээ амьдралд хэрэгтэй хэрэггүй 37 хичээл үзсэн байдаг шүү дээ. Тэгвэл гэрийн сургалтын аргаар сурч хүмүүжсэн хүний сэтгэлд эрдэм сурахуйн үр соёолон ургасаар тэнгэр баганадсан үзүүргүй өндөр мод болон сүндэрлэдэг гэнэм. Энэ бүх гайхамшигт нууцыг мэдрэхийн тулд хувь хүн зөвхөн өөрөө л хичээл зүтгэл гарган хичээллээд үзэх хэрэгтэй юм. Харин барьж авч оролдоогүй хүнд ийм тийм байдаг гэж үзэг цаас хичнээн их гарздаад тайлбарлан ойлгуулах гэдэг төрөлхийн сохор хүнд цагаан өнгөний тухай зөв зүйтэй ойлголт өгөхөөр хичээхтэй адил хэрэг болох буй за.

“Сайн багшийг хаанаас олох вэ?”

Аливаа эрдмийг сурахад сайн багш хамгаас эрхэм чухал. Хятад зэрэг дорно дахины ард түмнүүд багшийг “Дахин төрүүлсэн ачтан” хэмээн өргөмжлөн хүндэтгэсээр иржээ. Манай ард түмэн ч гэсэн багшийг дээдлэн хүндэтгэх сайхан уламжлалтай. “Багшаар заалгаагүй эрдмийг нохойн сүүлнээс зүүгээд тавь.” гэх зэргээр манай өвөг дээдэс эртнээс нааш хэлэлцэж ирсэн нь аливаа эрдмийг төгс сайн сурахад багшийн үүргийг товойлгон зааж өгсөн хэрэг юм. Тэгвэл эрдэм номонд төгс сайн боловсорсон сайн багшийг хаанаас олох вэ? Энэ бол өнөөгийн цөвүүн цагт тун амаргүй хэрэг. Аюулт муу өвчнийг анагаан засагч эмч, ариун эрдмийг заан соёрхогч ачит сайн багш хоёртой эртний сайн ерөөлөөр уулзаж учирдаг тавилантай юм гэнэ лээ. Тэгвэл сайн багш гэж чухам ямар хүнийг хэлэх вэ? Миний бодлоор тухайн эрдмийнхээ оргилд хүрсэн, өөрийн хүрсэн тэр оргилд хүрэх дөт замыг заан чиглүүлэгч бол жинхэнэ сайн багш мөн санагдана. Сайн багшийн чадал зөвхөн танхимын сургалтаар хязгаарлахгүй, чөлөөт цагаар нь юу хийхийг гэрийн даалгавраар дамжуулан хэрэгжүүлдэг байх хэрэгтэй. Багш хүн өөрийн эрдэм чадлаар шавь нартаа үлгэрлэж байхаас гадна хамгийн гол нь эрдэм өөд тэмүүлэх урам зоригийг өдөөж өгч байвал зохино. Харин түүний сурагч, оюутан нь багшийнхаа заасан тэр дөт замаар туйлбартай замнасаар эрдмийн гэрэлт оргилд хүрдэг учиртай ажээ. Тийм болохоор хичнээн сайн багштай учирлаа ч гэсэн эрдмийн оргилд хүрэхэд хувь хүний өөрийн хичээл зүтгэл юу юунаас илүү чухал. Болдогсон бол багш чинь өөрийн мэдэж байгаа эрдмийг тархи толгойд чинь хийгээд өгчихмөөр л байгаа. Гэвч даанч тэгж болдоггүй нь харамсалтай. Гагцхүү чи өөрөө хичээл зүтгэл гаргасны хүчинд тэр бүх эрдэм мэдлэгийг сурч авч чадна.
Багшийг хүндлэн дээдэлж байж эрдмийн шимийг хүртэх учиртай. Ингэхийн тулд аливаа хүн хичээл зааж байгаа ямар ч багшийг сайн муу гэж ялгахгүй адилхан хүндэлвэл зохино. Тэд бүгдээрээ л аав ээжийн чинь адилаар өөрсдийг чинь сайн хүн болгохын төлөө чиг зорилгыг барин ажиллаж байдаг юм. Хүн л юм болсон хойно зарим нэгэнд нь алдаа дутагдал байж болно л доо. Гэхдээ “Багшийн гэмийг бүү ойшоо.” гэсэн манай хуучны мэргэн үг байдаг. Тийм болохоор ачит багш нараа алагчлалгүй дээдлэн хүндлэх нь хүний сайхан чанар юм.
Түүнээс гадна чиний эргэн тойронд чинь сайн багш нар олон байгаа. Өөрөөр хэлбэл хэл сурч байгаа хүний хувьд орчин тойрны олон юмс үзэгдэл багш болж байдаг. “Хоёр хүн хамт явахад нэг нь миний багш.”, “Сайн нь ч миний багш, муу нь ч миний багш.” хэмээн Күнз богд айлджээ. Энэ бол хамт олон найз нөхдийн чинь дунд сайн муу хүн олон байгаа, чи тэр болгоныг зөв зүйтэй тусгаж авч, чадвал сайн хүн болж өсөж дэвжихэд тустай шүү гэдгийг хэлсэн санаа. Би дээр хальт дурдаж байсан нэг зүйлийн тухай энэ хэсэгт илүү дэлгэрэнгүй тайлбарлая хэмээн бодлоо. “Бурхан багш нирваан дүр үзүүлэх болоход олон итгэлт шавь нар нь маш их энэлэн гашуудсан байна. Тэр байдлыг хараад Бурхан багш бидний хамт байх цаг хугацаа хорогдсоор байгаа тул хурдан амжиж асуух зүйлээ асуу гэжээ. Түүнээс санаа аван Бурхан багшийн дэргэд хамгийн удаан номын дуу сонссон шавь нь болох Ананд гурван асуулт тавьсаны нэг нь ‘Таныг нирваан дүр үзүүлсэний дараа бид хэнийг багшаа хэмээн дээдлэн явах билээ?’ гэжээ. Бурхан багш хариуд нь ‘ Сахилыг багшаа хэмээн дээдлэж яваарай.Хэрвээ сахилаа чанд сахиж явах аваас би хажуу дэргэд чинь байгаагаас өөрцгүй ямагт хамгаалж явах болно.’ хэмээсэн байдаг.” Үүнийг одоогийн хүүхэд залуучуудад ойлгомжтой хэлээр тайлбарлах юм бол өдрийн дэглэмийг зөв барьж муу муухай зүйлд уруу татагдахгүй, сайн зүг рүү өөрийгөө залж яв. Тэгвэл Бурхан багш ямагт дэргэд чинь оршиж буй мэт хүссэн бүхэн чинь сэтгэлчлэн бүтэж байна гэсэн үг юм. Тэгэхээр чанд дэгийг байнга сахиж явбал гадаад хэл сурахад ч багш мэт чигийг чинь зааж өгч байх нь байна шүү дээ. Мөн дияаны аймгийн домог түүхэнд өгүүлдгээр “Нэгэн хүн өөрт тохиолдсон чухал хэргээ даатган Хомьсим Бодисатвад мөргөхөөр мөргөхөөр сүмд очжээ. Түүнийг сүмд ороход өмнө талд нь нэг хүн Бурхны хөрөгт мөргөж байхыг сайтар лавлан харвал Хомьсим Бодисатва өөрөө байх юм гэнэ. Тэр хүн арай ч үгүй байлгүй дээ хэмээн санаад ‘Та хэн бэ?’ гэсэн чинь цаад хүн нь ‘Би Хомьсим Бодисатва байна аа.’ хэмээн хариулжээ. “Мөнөөх хүн та яахаараа өөрөө өөрийнхөө хөрөгт мөргөж байдаг билээ?’ хэмээн асуухад ‘Надад чухал хэрэг гарсан тул би түүнийг бүтээхийн тулд өөртөө мөргөж байгаа юм л даа.’ гэж хариулсан байна.” Хомьсим бодисатва ийнхүү иш үзүүлж мөнөөх хүнд аливаа асуудлыг шийдэх арга замыг хайхдаа гаднаас эрэх биш өөрийн хүч боломжиндоо тулгуурлаж байхын чухлыг ойлгуулсан ажээ. Миний дээр дурдсан цөөн хэдэн жишээнээс манай уншигчид Бурхны сургаал, Күнзийн суртал зэрэг нь хувь хүнд ертөнцийн мөн чанарыг ухааруулан, билиг оюуныг нээх гол зорилготой байдгийг бага сага ч болов ойлгосон байх аа. Хятад, япон зэрэг дорно дахины улс орнуудад Буддын шашны иргэний боловсролд ихэд анхааран жирийн хүн уншиж ойлгож болохоор хялбаршуулсан ном зохиол маш арвин байдаг. Миний ярьсан түүх домгууд бол тэдний л нэг юм. Гэтэл манай улс хэдийгээр Буддын шашинт улс боловч иймэрхүү танин мэдэхүйн чиглэлийн ном хэвлэл маш ховор байдаг болохоор хүмүүсийн ойлголт ч бүдэг бүрхэг байх нь аргагүй юм. Ойрын жишээ гэх юм бол манай нэгэн нэртэй дуучны “Мэнгэ төөрсөн амраг” дуунд “Бурхан багшийн дутаасныг яалтай билээ.” гэсэн мөр байдгийг та бүхэн санаж байгаа байх аа. Бурхан Будда хүн төрөлхтөнд мөнхийн амгаланг олох замыг зааж өгөх багш нь болохоос биш, ертөнцийг бүтээгч, хувь заяаг эрхшээгч биш юм. Түүнд дуучны нууц амрагийн нулимс тоссон мэнгийг зураад сууж байх цаг зав, ажил үүргийн хуваарь үгүй.
Би дээр дурдсан олон зүйлийг тойруулан нуршдагийн цаад санаа нь хүн аливаа эрдэм тэр дундаа гадаад хэлийг сурахад өөрийгөө сайтар дайчилж чадвал хүссэн амжилтандаа хүрэхэд төдийлөн бэрх биш гэдгийг хэлэх гэсэн юм. Гагцхүү энэ бүхнийг ойлгож ухаараад хичээл зүтгэлээ шавхан дайчлах нь л гол юм. Өдөр болгон өөртөө тохирсон ачааллыг тэнцүүлж тууштай хичээллэж байдаг хүний хувьд гадаад хэл сурахад тохиолддог сэтгэл зүйн бэрхшээлийг давахад төдийлөн хүндрэлтэй биш.
Энд дурдууштай өөр нэгэн зүйл нь манай гадаад хэлний багш нарын заах аргыг хөндлөнгөөс ажиглаж байхад шахуу зохиогдсон хөтөлбөртөө баригдаад хэт хурдан зааж суралцагсдыг хөлдөө чирэх дутагдал нийтлэг байдаг. Аливаа нэг гадаад хэлний мэдлэгийг уултай зүйрлэх юм бол суралцагсад тэр уулын орой дээр гарч чадсан тохиолдолд орчин тойрноо бүрэн төгс танин мэдэж чадна. Гэтэл манай олонх багш нар энэ зүй тогтлыг тэр болгон ойлгохгүй уялдаа холбоо муутай дүрмийн мэдлэгийг хэт голлон зааж байгаа нь зүйрлэн хэлбээс мөнөөх уулын модны хормой бэлд нь оччихоод ганц модыг сонгон авч “Үүнийг мод гэдэг юм. Харин энэ бол мөчир нь, түүнийг навч гэдэг юм.” гэх мэтээр тайлбарлаж байгаагаас өөрцгүй юм. Гадаад хэлний багш ингэж мод нэг бүрээр нь зааж тайлбарлаад байвал хэзээ амжиж суралцагсдыг уулын оройд гаргах билээ дээ. Харин жинхэнэ сайн багш шавь нараа дагуулан өөрийн нэгэнт гарч чадсан оргилд хүрэх замыг л зааж өгөх нь чухал. Энэ алс холын адармаатай аян замд аялан явах зуураа шавь нар чинь тэртэй тэргүй модод шилмүүстэй, навчтай гэсэн хоёр өөр төрөл зүйл байдаг юм байна. Хэрэм гэж хөөрхөн амьтан гацуур модон дээр дүүлэн самар жимсийг нь идэж амьдардаг байх нь гэх зэргийг өөрөө хараад ойлгочихно. Тэгээд явсаар уулын орой дээр гарсан тохиолдолд эргэн тойрныхоо ой мод, хад асга тал хөндий зэргийг алган дээрээ тавьсан мэт тольдон харах болно шүү дээ.
Эцэст нь хэлэхэд өөрийн сонгон авсан хичээл номоо сайтар давт. Илүү гарсан чөлөөт цагаа ашиглан өөртөө эзэн болж гадаад хэлний мэдлэгийн оргилд гарцгаая.

Ямар толь бичиг хамгийн сайн бэ?

Гадаад хэл суралцаж байгаа хүний хувьд толь бичиг хамгийн дотны нөхөр нь болж байдаг. Миний хувьд “Хятад монгол толь бичиг”, “Монгол хятад толь бичиг”, “Япон монгол толь бичиг” зэрэг толь зүйн бүтээл туурвисан болохоор энэ талаар ярих зүйл бишгүй байх нь ойлгомжтой. Би анх гадаад хэлийг сурч байх үедээ зуу мянган үгтэй том толийг шохоорхох, хэдхэн мянган үгтэй жижиг толийг басамжлан голж байсан удаа цөөнгүй бий. Танд ч гэсэн энэ дутагдал байгаа биз дээ. Гэхдээ ийм зан гаргаж байгаа хүнд үнэн хэрэг дээрээ жижиг толины хэмжээний мэдлэг ч байдаггүй шүү дээ. Амьдрал дээр жижиг, дунд, том гэсэн гурван төрлийн толь бичиг байгаа. Би энэ нь сайн, тэр нь муу гэж ангилж ялгамааргүй байна. Харин танд дээр зөвлөж байсны дагуу өөрийн мэдлэгийн түвшинд тохирсон хялбаршуулсан ном уншиж байхдаа танд дээрх гурван толины аль нь хэрэгцээг чинь хангаж байна түүний дагуу толь бичгээ сонгон худалдаж ав гэж хэлмээр байна.
Гадаад хэл сурч байгаа хүний хувьд үгийн сонголт оновчтой (10 000-20 000 орчим үгтэй байхад тохиромжтой.), жишээ ихтэй толь тун хэрэгтэй юм уу даа гэсэн бодол надад төрдөг. Тийм ч учраас би өөрийн дээр дурдсан гурван толиндоо жишээ өгүүлбэр түлхүү оруулж өгөхийг эрмэлзсэн билээ. Иймэрхүү дунд гарын толийг чөлөөтэй ашиглаж үндсэн үгнүүдээ мэддэг болсон тохиолдолд англи, хятад зэрэг тухайн хэлний тайлбар толийг ашиглаж сурах нь маш чухал. Хэрвээ та тухайн хэл дээр тайлбар толь ашигладаг хэмжээнд хүрсэн бол таны гадаад хэлний мэдлэг нэлээд өндөр түвшинд очсоны хэмжүүр болох юм.
Намайг их сургуульд хятад хэл сурч байх үед кирилл үсэг дээрх “Хятад монгол толь бичиг” гэж бараг үгүй байлаа. Бид тэнхимийнхээ номын сангаас арав гаруй мянган үсэгтэй“新华字典”буюу “Шинэ хятад үсгийн толь бичгийг” картаар авч хэрэглэдэг байсан.
Би танхимд үзсэн сурах бичгийн хэмжээний мэдлэгтээ дулдуйдан “Шинэ хятад үсгийн толь бичгээ” ашиглан “Догшин салхи ширүүн бороо”, “Оу Ян Сюгийн түүх” зэрэг романыг уншиж эхлэсэн. Ингээд уйгагүй хичээл зүтгэл гарган уншсаны эцэст дөрөвдүгээр курс төгсөхдөө тайлбар толийг чөлөөтэй уншдаг болсон билээ. Тэгээд хатуу хавтастай “Шинэ хятад толь бичгээ” хуудас хуудсаараа салан унахаар болтол навсайлгаад эргүүлэн өгөхөд түүнийг харсан багш нар маань номондоо гамгүй хандлаа гэж зэмлэлгүй харин ч үнэхээр сайн ашигласан байна шүү гэж магтаж байж билээ. Та тайлбар толь уншихаар барьж авсан бол зүрхшээхийн хэрэг огт үгүй. Тоолж байгаад 200 орчим үг уншаад ойлгочихвол тэр толь бичгийг гартаа оруулахад тун дөхөм боллоо гэсэн үг.
Би хожим “Хятад монгол толь бичгийг” хэвлүүлэхээр зориг шулуудахдаа өөрийн хорь гаруй жил хятад хэлний орчуулагч хийж байхад өргөн тохиолдож байсан үгсийг түлхүү сонгон оруулъя амьдралд өргөн хэрэглэгддэг биш мэргэжлийн үг хэллэгийг орхиё гэсэн зарчмыг барьсан. Энэ толь бичиг хэвлэгдэн гарсаны дараа над руу нэг орчуулагч утсаар яриад “Таны зохиосон толь бичиг чинь миний шаардлагыг хангахгүй байна. Хайсан мэргэжлийн үг хэллэг тэр болгон олдохгүй юм байна шүү дээ.” гэж шүүмжилж байсан. Тэгэхэд би дотроо “Ийм хэмжээний толь бичгийн доторх үгсийг гартаа оруулсан хүн бол ч ингэж хэлэхгүйсэн дээ.” хэмээн тэр орчуулагчийг чамлаж байж билээ. Өөрөөр хэлбэл 20 000 орчим үндсэн үгтэй болчихсон хүн мэргэжлийн үг хэллэгийг бараг төлөв гадарлах хэмжээнд очно гэсэн санааг хэлэх гэсэн хэрэг.

Хүн хэдэн гадаад хэлийг сурах чадвартай вэ?

“Та хэдэн гадаад хэл мэдэх вэ?” гэсэн асуулт намайг энд тэнд яриа хийж явахад олонтоо тааралддаг. Би шууд төд өд гэж бардам хариулах зүрх хүрдэггүй. Үүний учир нь “Гадаад хэлийг тийм тохиолдолд сурсан гэж үзэх” гэж үзэх тогтсон хэмжүүр байдаггүйтэй холбоотой. Миний тухайд орос хэлийг нийтийн жишгээр нэлээд боломжийн хэмжээнд үзэж оюутан байхдаа улсын олимпиадад хоёрдугаар байр эзлэж байсныг бодоход овоо сурсан байгаа юу даа гэж боддог. Ажил амьдралаа залгуулаад байгаа болохоор хятад хэлийг сурсан гэж бардам хэлэх эрхтэй байх. Хорь гаруй мянган үгтэй “Япон монгол толь бичиг” хэвлүүлчихсэн, нэрт орчуулагч Дамдин багшаар англи хэл дөрвөн улирал заалгаж өнөө болтол бага сага ном уншсаар ирсэнээ бодоход энэ хоёр хэлээр бас ч гэж хоосонгүй шиг. Гэхдээ л би дөрвөн гадаад хэл мэднэ гээд хэлчих гэхээр аманд багтдаггүй юм. Учир нь миний нэлээд гүнзгий нэвтэрсэн хятад хэлтэй харьцуулахад бусад хэлний мэдлэг маань чамлалттай санагддаг болохоор тэр байж мэдэх юм. Тэгээд ч хэл гэдэг өдөр хоногоор баяжин хөгжиж байдаг нийгмийн үзэгдэл тул би сурчихлаа мэдчихлээ гэж хөнгөн хөөргөнөөр хөөрцөглөхийн хэрэг гэж юусан билээ.
Гадаад хэлийг сурахаар зориг шулуудсан хүүхэд залуучуудад энэ талаар зөвлөхөд би төчнөөн хэл сурна гэж шууд муйхар зорилго бүү тавиарай гэж хэлэх байна. Гадаад хэл орчин үеийн нөхцөлд хувь хүний хэрэгцээ болон хувираад байгаа үед өөрсдийн чинь ажил амьдралын зорилгыг хэрэгжүүлэх хэрэгсэл болж явах учиртай. Өөрөөр хэлбэл зорилго хэрэгцээндээ захируулж хэдэн гадаад хэл сурахаа сонгож шийд гэсэн үг юм. Түүнчлэн гадаад хэл 21 дүгээр зуунд мэдээллийг олж авах хэрэглүүр байх учиртай. Тийм болохоор эхлээд нэг хоёр хэлийг онцгой сайн сур. Тэгсэн цагт цаашдаа ямар хэлийг хэр зэрэг түвшинд сурах нь аяндаа тодроод ирнэ. Хятад хэлийг маш сайн сурсан монгол хүн япон солонгос зэрэг хэлийг сурахад их амархан байдаг. Хятад хүн төрөлхөөсөө 3000 япон үг мэдэж байдаг гэнэ. Яагаад гэвэл ханз үсгийн бичлэг, утга ижил, дуудлага ойролцоо байдаг болохоор тэр юм. Харь хэлний гурван мянган үг мэдэж байна гэдэг тухайн хэлийг сурахад үнэхээр дөхөмтэй байлгүй яах билээ? Энэ үүднээс үзэх юм бол япон хэлтэй хүн ч гэсэн хятад хэлийг сурахад мөн л амар байж таарна. Хятад, япон хэлтэй монгол хүн солонгос хэлийг бүр ч амархан сурах боломжтой гэлцдэг. Яагаад гэвэл түүхэн хөгжлийн явцад дээрх хоёр хэлний нөлөө солонгос хэлэнд маш гүнзгий ул мөрөө үлдээсэн болохоор тэр ажээ. Ийм бэлээхэн амар хялбар зам байхад залуу насны ааг, алт шиг үнэтэй цагийг ашиглан дээрх гурван хэлийг дараалан сурч яагаад болохгүй байх билээ.
Үүнтэй адилаар орос, англи зэрэг энэтхэг европ язгуурын хэлний аль нэгийг төгс сайн сурсан тохиолдолд бусад хэлийг сурахад амар байдгийг манай зарим уншигчид санаж байгаа. Ингээд би дээр дурдсан дөрвөн төрлийн гадаад хэлийг сурахаар хэрхэн оролдож байсан талаар товч өгүүлбэл олонх уншигчдын хувьд сонин байх болов уу гэж бодож байна.

Орос хэлний талаар миний бодол

Би 48 дугаар дунд сургуулийн гуравдугаар ангид байхдаа анх орос хэлний хичээлийг үзэж эхлэсэн юм. Миний анхны орос хэлний багш Цэцэгбал гэж дуудлага их сайхантай хүн байлаа. Тэр үед би онцсайн сурдаг байснаа орос хэлний хичээлийг ойлгохгүй байсны улмаас амьдралдаа анх удаа “Дунд” гэсэн дүн авч байсан юмдаг. Цаашдаа ч орос хэлний хичээлд гавихгүй байсаар долдугаар ангид ордог жил “Орос хэл өөрөө сурах бичиг” гэсэн ном гарсаныг худалдан авав. Тэгээд түүнийгээ үзэж эхлэх гэтэл үйлт нэр, нөхцөл үйл, тэмдэг нэрийн давуу зэрэг гэх зэрэг дүрмийн нэр томъёог оросоор байтугай, монголоор ч ойлгодоггүй. Гэвч түүнд шантарсангүй монгол хэлний дөрөвдүгээр ангийн сурах бичгээс монгол хэлний дүрмээ давхар үзсээр нэлээд ойлголттой болов. Долдугаар анги төгсөхдөө орос хэлний нэр үг болон тэмдэг нэрийн тийн ялгал, үйл үгийн хувирал зэргийг сайн ойлгодог болоод төгссөн. Хожим аравдугаар анги төгсөхдөө орос хэлний талаар бүр илүү сайн ойлгоц мэдлэгтэй болсон маань их, дээд сургуулиудын улсын олимпиадад амжилттай оролцоход их нөлөөлсөн. Орос хэл бол хэлзүйн дүрмийн уялдаа холбоо маш сайтай, их баялаг сайхан хэл. Манай улс орос хэлний сургалтын материаллаг бааз, ном сурах бичгийн хангамж, сурах орчин, заах арга зүйн хувьд дэлхийн түвшинд хүрсэн байжээ гэж өнөөгийн өндөрлөгөөс эргэн санахад өөрийн эрхгүй бодогддог юм. Харамсалтай нь бид орос хэлний сургалтын нэгэнт буй болгож чадсан энэхүү орчин нөхцлийг үрэн таран хийсэн маань тун ноцтой том ухралт болжээ. Манай улс хоёр том хөршийн дунд хавчуулагдан оршиж байгаа жижиг орон. Бид хоёр хөрш гүрнийхээ хэлийг адил тэнцүү сурч мэдэх ёстой. Тун удахгүй хэдхэн жилийн дараа орос хэлний мэдлэг эргээд улам үнэ цэнэтэй болж ирэх нь дамжиггүй. Тийм болохоор хүүхэд залуучууд одооноос орос хэлийг сайтар суралцаж байхад алдахгүй. Яагаад гэвэл манай улсад одоо ч гэсэн орос хэлийг сурахад хангалттай орчин нөхцөл байсаар байгаа шүү дээ. Адаглаад аав ээж хоёрын чинь хэн нэг нь боломжийн орос хэлтэй байгаа тул багшилж, чиглүүлээд өгөх боломжтой. Манай орос хэлний сургалтанд оршиж байсан нэг том дутагдал гэвэл дүрмийн мэдлэгийг хэт шүтэж байсанд байгаа юу даа гэж санагддаг. Энэ хэлийг эхлэн суралцагч, үйл үгийн гурван цаг, үйлт нэр, нөхцөл үйл болон нэр үг, тэмдэг нэрийн тийн ялгал, угтвар, холбоо үгийн талаарх дүрмүүдийг ерөнхийд нь ойлгоод шууд ном уншиж ойлгох чадвараа хөгжүүлэхэд түлхүү анхаарах юм бол удаж төдөлгүй амжилтанд хүрэх бололцоотой.

Хятад хэлийг хэрхэн сурсан талаар хэдэн үг

Манай дэлхий дээр өнөөдөр нэг тэрбум гурван зуун сая орчим хүн хятад хэлээр ярьж байна. Мөн хорин тав орчим сая гадаадын хүн энэ хэлийг сурч байгаа гэсэн тооцоо бий. Би их сургуулийн монгол хэлний ангид нэг жил сурч төгсөөд хоёрдугаар курсийн намраас хятад хэлний ангид шилжин орж суралцсан. Намайг их сургуульд сурч байхад хоёр орны харилцаа ид тааруу байсан тул ном сурах бичгийн хангамж муу, тавиад оны үеийн сурах бичгийг голлон ашигладаг байв. Тухайн үеийн гадаад хэлний алдартай багш болох Чой. Лувсанжав манай хятад хэлний салбарын хичээлүүдийг ерөнхийд нь зангидаж өөрөө эртний хятад хэл заадаг байв. Гадаадын хүн эртний хятад хэл үзэж яадаг байна аа гэж зарим хүнд утгагүй мэт санагдаж мэдэх боловч эртний хятад хэлний хичээлийг олон цагаар заадаг байсан нь одоо эргээд бодоход тун хэрэгтэй зүйл байж дээ. Базаррагчаа багш орчуулга, Баясах багш орон судлал, Гунгаа багш үгсийн сан, Таамаа багш авиан зүй, ярианы хэлний хичээлийг төрөлжүүлэн заадаг байсан нь хятад хэлний системтэй мэдлэг олгоход тун тустай байлаа. Бид ангидаа гурвуулаа сурсаар төгссөн. Нэг ангид гурван оюутан байсан гэхээр зарим уншигч тун их гайхаж магадгүй. Их сургуулийн нийгмийн ухааны ангид онц сурсан цөөн тооны оюутныг намын төв хорооны үзэл суртлын хэлтсээр оруулан хэлэлцээд боломжтой гэж үзсэнийг нь хятад хэлний ангид суралцахыг зөвшөөрдөг байсан. Энэ нь тухайн үед мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэхэд нам засгаас хичнээн их анхаарч байсны илрэл юм. Би дээр нэр дурдсан ачтай сайхан багш нараасаа арвин эрдмийн шимийг харамгүй ихээр хүртсэн.
Энд би өөр нэг ачтай багшийнхаа нэрийг дурдалгүй өнгөрвөл том алдас болно. Бидний гурван оюутан их сургуулийн хоёрдугаар байрны гол хаалгаар гараад дөрвөн давхрын шатны баруун гар талын жижиг ангид хичээллэдэг байв. Манай ангид халзан толгойтой нэгэн өвөгжөөр хүн хятад, төвд, япон үсгээр карт хөтлөн суудаг байсан. Тэр хүн биднийг ч нэг их тоож үг ярихгүй, бид ч нэг их юм асууя гэж боддоггүй байлаа. Заримдаа ахлах курсийнхэн орж ирээд тэр хүнээс ганц нэг зүйл асуухад хэлж өгөөд гаргана. Гуравдугаар курсийн өвлийн нэгэн өдөр мөнөөх дуугүй өвөгжөөр хүн хичээлийн завсарлагын үеэр намайг тоож дуугаран “Хүү минь, чи нэг л эрдэм сурчихаар хүүхэд харагдах юм. Даанч нэ учраа олохгүй яваад байна уу даа? Чамд хятадын ямар нэгэн уран зохиолын ном байвал аваад ир. Би чамайг уншуулж сургая.” гэдэг юм байна. Би тухайн үедээ юу болж байгааг сайн ойлгож ухаарсангүй. Тэр үед манай гэр одоогийн зуун айлын орчимд байсан болохоор арын гудамжны нэгэн Хуацяо залуугаас ном байна уу гэж сураглатал “Догшин салхи ширүүн бороо” нэрт романы нэгдүгээр дэвтрийг өглөө. Тэр ном миний үзэж байгаагаас өөр хуучин бичлэгтэй ном байсан юм. Өөрөөр хэлбэл “Сонсох” гэсэн үйл үгийг одоогийн бичлэгээр 听 гэж бичдэг бол миний олсон “Догшин салхи ширүүн бороо” номон дээр 聽 гэж бичих жишээтэй. “Нойтон тугал барнаас айдаггүй” гэдэгчлэн тухайн үед надад тэр бүхнийг ялган бодох ч сөхөө байсангүй мөнөөх номоо барьсаар нөгөө хүн дээрээ яваад очлоо. Хожим мэдвээс тэр хүн соёлын хувьсгалаас дайжин Монгол улсаа тэмцэн ирсэн Өлзийн Жамсранжав хэмээгч өвөрлөгч хүн байсан юм. Сонгодог монгол бичиг, манж, түвд, орчин цагийн хятад, эртний хятад, самгарьд хэлтэй нэвтэрхий аргагүй л номын далай болсон гүүш хүн байсан даа. Бидний дуудаж заншсанчилан Жааяа багш намайг дагуулан өдөрт нэг л хуудас уншиж өгөөд шинэ гарсан үг бүрийг “Шинэ хятад үсгийн толь бичиг” дээрээс харж ирэх даалгавар өгнө. Би ч түүнийг нь үг дуугүй хэрэгжүүлсээр арав гаруй хоносны дараа бие даан уншиж чаддаг болсон. Хожим манай ангийн Галдансэвжид бид хоёр Жааяа багштай улам дотно болж тухайн цаг үедээ хаалттай байсан эртний монголын гэрийн сургалтын арга, бясалгал, дияаны тухай олон сонирхолтой зүйлсийг олж мэдэж билээ. Жааяа багш маань хятад хэлийг нэвтэрхий сайн суръя гэж бодсон хүн “Гурван улсын үлгэр” номыг эртний хятад хэл дээр унших хэрэгтэй гэж зөвлөдөг байсны дагуу би уг номыг уншиж дуусгасан маань хожмын ажил амьдралын замд тун их хэрэг болж билээ.
Их сургуулиа төгсөөд нэг жил МУИС-д багшилсаны дараа монголын радиод ажилласан маань миний хятад хэлний өдий зэрэгтэй орчуулагч болоход том түлхэц өгсөн. 1987 оны зун намайг хятад хэлний редакцид ажиллахаар ороход Буянжаргал, Дашдорж,Сүрэнжав, Чимэдцэеэ, Баторших, Ганболд, Батсүх, Отгонцагаан, Сувдаа, Уранчимэг, Охин, том Чулуунцэцэг, жижиг Чулуунцэцэг зэрэг чадалтай орчуулагч нар ажиллаж байв. Ийнхүү тэдэнтэй цуг ажилласаар 1992 онд БНХАУ-ын Шаньдун мужийн багшийн их сургуульд нэг жилийн хэлний мэргэжил дээшлүүлэх дадлага хийгээд буцаж иртэл манай улс зах зээлийн тогтолцоонд эргэлт буцалтгүй шилжин манай хятад хэлний редакцийн урьд өмнө ажиллаж байсан хүмүүсийн олонх нь хятад улсад ажиллах, сурах, арилжаа наймаа хийх зэргээр явцгааж, жижиг Чулуунцэцэг бид хоёр арван хүний ажлыг хийхээр дааж үлдэцгээв. Гэтэл удалгүй Чулуунцэцэг маань жирэмсний амралтаа аваад явчихсан тул би нэлээд удаан хугацаанд гав ганцаараа нэвтрүүлэг орчуулах, унших ажлыг амжуулахаар үлдэв. Энэ бол миний амьдралдаа үзэж өнгөрүүлсэн хамгийн их хүнд ачаалалтай үе байсан санагддаг. Арван чадалтай орчуулагчийн хийж байсан ажлыг ганцаараа хийнэ гээд бодохоор амаргүй байх нь ойлгомжтой. Нэвтрүүлгийн цагаа багасгаж ганц хүнд таарсан норм хэмжээгээр ажиллая гэсэн санал тавьж байгаагүй юм. Учир нь ийш тийш явсан нөхөд маань эргээд ирвэл ажилгүй болчихно гэсэн бодол өвөрлөж байсан хэрэг. Гэсэн атлаа ганцаараа энэ олон хүний ажлыг нугалж байгаа болохоор ядаж хоёр гурван хүний цалинг би авч болдоггүй юм уу гэсэн саналыг дарга нар дээрээ тавьж байсангүй. Бусад хүн намайг “Мөнгөний шуналтай” гэж хэлнэ гэж эмээх коммунист хүмүүжлийн маань илрэл байсан байх л даа. Хүүхэд залуучууддаа хандаж хэлэхэд хүн бэрхшээлтэй хүнд ажил тулгарсан давж гарахыг хичээж байх хэрэгтэй шүү. Тэр бүхнийг даван гарч байж сая жинхэнэ хүн болон төлөвшдөг. Миний өнөөдөр дөч тавин анги киног түүртэлгүй шүүрэн авч хийдэг, гурван толь бичиг богино хугацааны дотор хийж амжсан зэрэг маань тэр үед бага зэрэг сэтгэлийн хаттай болж хоцорсноос үүдэлтэй юм.
Миний хятад хэлний өдий зэргийн мэдлэгтэй болоход нөлөөлсөн өөр нэг хүчин зүйл гэвэл би янз бүрийн сэдвээр хятад хэл дээр маш их зүйлийг уйгагүй уншдаг байв. Ялангуяа Шаньдунд нэг жил байх хугацаандаа “Хуаньжу гэг” зохиолыг бичсэн Тайваний эмэгтэй зохиолч Чюн Яогийн гол гол романууд, Гонконгийн зэвсгийн эрдмийн алдарт зохиолч Жинь Юнгийн туульсын романуудыг уншсан. Тухайлбал “Лууг хөнөөгч сэлмийн домог” дөрвөн боть 1500 тал хуудас эртний хэлний өнгө аясаар бичигдсэн зохиолыг амтанд нь ороод тав хоногийн хооронд уншин дуусгаж байв.
Өнөөдөр хоёр орны найрамдалт харилцаа өргөжин хөгжиж байгааг дагалдаад хятад хэлний сайн орчуулагч манай нийгэмд маш их хэрэгцээтэй байна. Намайг радиод ажиллаж байхад компаниуд тавин долларын цалин өгье, манайд ажиллаач гэхэд маш их мөнгө шиг санагддаг байв. Гэтэл одоо хятад хэлний орчуулагч 300 000 төгрөгийн цалин өгч ажиллуулна гэсэн газар цөөнгүй байдаг болжээ. Нэг хоёр жилийн дараа хятад хэлний сайн орчуулагчийн цалин хөлсний хэмжээ 500 доллар болсон байхад нэг их гайхах явдалгүй. Зах зээлийн нөхцөлд сайн синхрон орчуулагч хамгийн өндөр цалин хангамжтай байдаг нь зүйн хэрэг юм л даа. Бээжинд нэг цагт 300 доллар өгье гэхэд ажиллах синхрон орчуулагч олдохоо больсон тухай би саяхан хятадын хэвлэл дээр уншиж байсан. Өөрөөр хэлбэл тэнд ийм цалин хөлсийг голдог болсон ажээ. Замын үүдийн чөлоөт бүс, Оюу толгойн орд газар зэрэг том том төслүүдийг хэрэгжүүлж эхлээд байгаа өнөө үед хятад хэлний сайн бэлтгэгдсэн мэргэжилтний хэрэгцээ шаардлага улам бүр өсөн нэмэгдэх нь гарцаагүй. Манай улсын сайд дарга нар ч хятад хэлний сайн мэргэжилтэн хэрэгцээтэй байгаа тухай олонтоо ярьдаг болсон байна лээ. Хятад хэлтэй дээр нь англи хэлний зохих мэдлэгтэй хүн байх юм бол ажлын байр, өндөр цалин хангамж зэрэг өөрийг чинь хүлээж байгаа л гэсэн үг. Хамгийн гол нь энэ хэлийг сурахаар сонгон авсан бол уйгагүй сайтар суралцах хэрэгтэй. Хятад хэл сурч байгаа хүүхэд залуучууддаа хандаж хэлэхэд англи орос зэрэг энэтхэг европ хэлийг сурдаг арга барилаар гартаа оруулна гэвэл санашгүй. Хятад хэл таван мянган жилийн бичиг үсгийн түүхэн хөгжлийн явцад 50 000 орчим ханз үсэг хэрэглэж байсан гэдэг тооцоо бий. Яг хэдэн ханз үсэг сурчихвал болох вэ? гэж олон хүн надаас асуудаг. Би “Хятад монгол толь бичиг” зохиохдоо дав даруй хэрэгцээтэй 4000 орчим ханз үсгийг сонгон оруулсан юм. Энэ дунд ч тэр болгон өргөн хэрэглэгддэггүй ханз үсэг цөөнгүй байгаа. Тийм болохоор би оюутнууддаа та нар 1500 орчим ханз үсгийг гартаа оруулчих гэж хэлдэг. Тэгвэл дээр дурдсан тоймгүй олон ханз үсгээс хамгийн өргөн хэрэглэгддэг 1500 ханз үсгийг яаж ялгаж сурах вэ? Энэ тал дээр зөв чиглүүлж өгөхөд тухайн сургаж байгаа багшийн мэдлэг туршлага маш их үүрэгтэй юм. Эдгээр 1500 ханзыг ялгаж шүүх гол арга нь хятад хэлээр ном их унших явдал мөн. Эхлэн суралцагсад, бага курсийн оюутнууд эхлээд галиг үсэг бүхий хялбар ном унших нь зүйтэй. Яваандаа уншиж буй сэдвийн агуулгыг хүндрүүлээд байхад уйгагүй тэвчээртэй оюутан хоёрдугаар курсийн эхний улирал гэхэд роман уншиж чадах түвшинд хүрсэн байна. Жил гаруйхан хугацааны дотор роман уншиж чадна гэж үү дээ? гэж зарим уншигч гайхаж мэдэх юм. Хятад хэлний ханз үсгийн онцлогийг ашиглаж чадвал энэ бол бүрэн боломжтой. Өөрөөр хэлбэл хятад хэлний дан дан ханзууд хоорондоо нийлж шинэ үг үүсгэдэг. Тухайлбал хуруу, гэдэс гэсэн хоёр салангид ханзыг мэддэг хүн энэ хоёр ханзыг нийлүүлээд сайтар бодож үзвэл өөр нэг шинэ үг үүснэ. “Хуруу”+ “Гэдэс”= ? Уншигч та хуруу руугаа хараад хурууны гэдэс гэж юу болохыг бодоод үз дээ. Зүйтэй. “Хурууны өндөг” гэхийг хятдаар “Хурууны гэдэс” гэсэн маягаар хэлдэг байх нь. Тэгвэл “Хуруу”+“Дуулга”= “Хумс”, “Хуруу”+ “Хээ”= “Хурууны хээ”, “Хуруу”+“Дуулга” +“Хутга”= “Хумсны хутга”. . . “Гал”+“Тэрэг”= Галт тэрэг гэх мэтээр тоо томшгүй олон шинэ үгийг үүсгэж болно. Өөрөөр хэлбэл дээр дурдсан 1500 ханз үсгийг сурсан хүн хооронд нь холбоод 20-30 мянган шинэ холбоо үг үүсгэж, утгыг нь ойлгох боломжтой гэсэн үг. Энэ системийг л зөв ойлгож, ухаалгаар хэрэглэж чадваас хятад хэлийг сурахад маш амархан.
Ханз үсгээс гадна хятад хэлний дуудлагыг сурахад тун амаргүй. Гэвч чихэвчний магнитофон хаа сайгүй хямд болсон өнөө үед сурах бичгийн хуурцгийг тавиад дагаж хэлээд байхад сайн сурах боломжтой.
Би сүүлийн зургаан жилийн хугацаанд “Гэгээ” гадаад хэлний дээд сургуулийг байгуулж өөрийн дээр дурдсан аргаараа оюутнуудаа сургаж ирлээ. Түрүүчээсээ сайн шавь нар маань төгсөж багшийнхаа халааг авч байгаа болохоор эрдэм номын ажилдаа түлхүү анхаарах боломжтой болж байна. Энэ хугацаанд ойлгож ухаарсан нэг зүйл юу гэвэл эртний монголын гэрийн сургалтын аргыг орчин үеийн нөхцөлд хэрэгжүүлэх бүрэн боломжтой юм байна гэдэг нь харагдлаа. Энэ хугацаанд миний аргаар хичээллэсэн хоёр оюутан маань сургуулиа төлөөлөн улсын чанартай олимпиад тэмцээнд оролцоод америк японд улсын зардлаар сурч байна. Хоёр оюутан маань дэлхийн аварга шалгаруулах “Хятад хэлний гүүр” тэмцээнд оролцсон. Олонх оюутнууд хоёрдугаар курсдээ гурваас дээш роман уншиж улмаар “Гурван улсын үлгэр” зэрэг эртний хятадын сонгодог романыг уншдаг. Миний ууган шавь Бадрах-Ерөөл хятад хэлний улсын анхдугаар олимпиадад хоёрдугаар байр эзлэж байсан бол одоо хятад хэлээр хэвлэгддэг “Монголын мэдээ” сонины хариуцлагатай нарийн бичгийн даргын ажлыг нэр төртэй гүйцэтгэж байна. Тэр удахгүй БНХАУ-д улсын зардлаар бизнесийн удирлагын чиглэлээр магистрантурт суралцахаар явах гэж байгаа. Өнгөрүүлсэн туршлагаасаа харахад гэрийн сургалтын аргаар багшийн зөв удирдлаганд хичээн суралцсан оюутан хоёр жилийн хугацаанд хятад хэлний ерөнхий мэдлэгийг бүрэн сурах боломжтой нь нотлогдсон.

Япон хэлийг яаж хурдан сайн сурах вэ?

Би ганц өдөр танхимд сууж япон хүнээр хичээл заалгаж үзээгүй. Гэвч хятад хэлийг гайгүй сайн сурч, ханз үсгийн дээр өгүүлсэн зүй тогтлыг ойлгосны хүчинд япон хэлний мэдлэг рүү богино хугацаанд бие даан хөрвөж чадсан. “Хятад монгол толь бичиг”-ээс өмнө “Япон монгол толь бичиг” эмхэтгэн гаргасны нууц чухам энд байгаа юм.
Хятадаар: Японоор: Монголоор:
日本 日本 Япон
外语          外語 Гадаад хэл
劳动          労働 Хөдөлмөр
时间          時間 Цаг хугацаа гэх мэт дээрх дөрвөн үгнээс харахад хятад япон хэлний ханз үсгүүд бараг ижил болох нь харагдаж байна. Түүнээс гадна эдгээр үгс утгын хувьд яг ижил байна. Ийм жишээ маш олныг дурдаж болно. Үүнээс гадна япон хэлний хэлний дүрэм, өгүүлбэрийн доторх үгсийн дэс дараа нь монгол хэлтэй тун төстэй. Манай сургуулийн хувьд япон хэлний сургалтыг хятад хүнд зориулсан, БНХАУ-д зохион хэвлэгдсэн сурах бичгээр заадгаараа онцлогтой. Хятад хүний хувьд япон хэлний ханз үсэг цээжлэнэ гэх хүндрэл үгүй тул ийм ном сурах бичгийн ард гарсанаар ханз үсгийн гүн мэдлэгтэй болох боломжтой. Өнгөрсөн зургаан жилийн хугацаанд бид хятад хэлний зэрэгцээ япон хэлний сургалтандаа ч гэрийн сургалтын аргыг амжилттай туршин хэрэгжүүлж чадсан. Тийм болохоор манай төгсөгчид хаана ч очсон япон хэлний ханз үсгийн мэдлэгээр гайхагддаг. Энэ чадварыг эзэмшүүлдгийн гол нууц нь мөнөөх олон дахин хуулуулж, уншуулах явдал юм. Бид энэ аргаа улам төгөлдөржүүлж энэ жилээс япон хэлний салбарын оюутнуудын мэдлэгийг улсынхаа тэргүүлэх түвшинд хүргэх зорилт тавьж байгаа тул бидэнтэй хамтран энэ зорилгын төлөө зүтгэхийг хүссэн залуус энэ жилийн элсэлтийн шалгалтанд хүрэлцэн ирж оролцоорой. Тэгвэл япон хэлнээс гадна, англи хэлний зохих мэдлэгтэй болж хүсвэл хятад хэлийг сурахад чинь зааж чиглүүлээд өгөх болно гэдгийг хэлмээр байна. Сүүлийн үед зарим залуус аав ээжийнхээ амьдрах байр сууцыг барьцаанд тавин хэдэн мянган доллар зээлээд японд ажиллахаар явдаг. Гэвч хэл ус мэдэхгүйн харгайгаар олигтой ажиллаж мөнгө олсон юм байхгүй эргэн явах тохиолдол бишгүй байдаг. Адаг сүүлд нь орон байраараа хохирч үлдэнэ гэсэн үг. Ингэж эрсдэл хийж байхын оронд япон хэлийг сайн сураад японы элчин сайдын яамны шалгалт болон бусад уралдаан тэмцээнд амжилттай оролцон түрүүлэхэд л улсын зардлаар япон улсад очиж баталгаатай, өндөр тэтгэлэгтэй сурах боломж, үүд хаалга өмнө чинь нээлттэй байна шүү дээ.

Англи хэлний талаар хэдэн үг

Би их сургуульд сурч байхдаа манай нэрт англи хэлний дуун хөрвүүлэгч Дамдин багшаар хоёр жил англи хэл заалгасан. Өнөөдөр энэ тал дээр ямар ч байсан ажил төрөлтэй холбоотой зүйл дээр учиргүй хүний гар хараад байдаггүй. Хоёр хэлний гурван толь бичиг хэвлүүлсэн туршлагадаа үндэслэн өөрийн үүсгэн байгуулсан “Толь бичгийн академийн” шугамаар өөрийн санаа нийлсэн нөхдийн хамт түрүүчийн тольнуудаас дутахгүй хэмжээний “Англи монгол толь бичигийг” бэлэн болгоод хэвлэлд өгөхөөр хянуулж байна. Би сүүлийн хорь гаруй жилийн хугацаанд их бага хэмжээгээр харьцаж байсан болохоор англи хэлний системийг хэрхэн гартаа оруулах талаар өөрийн гэсэн бодолтой явдаг хүн. Энэ тухай оюутнууддаа хандаж английн нэрт хэл шинжээч L.G.Alexander гэдэг хүний зохиосон “New concept English” хэмээх дөрвөн боть сурах бичгээр хичээллэ. “LONGMAN ACTIVE STUDY ENGLISH DICTIONARY” толийг ашигла гэж санал болгодог. “New concept English” сурах бичгийн бичвэрүүд нь агуулгын хувьд хөнгөнөөс хүнд рүү зугуухан шилждэг. Үгийн давтамж сайтай. Дүрмийг жишээ өгүүлбэр, зургаар хялбар ойлгуулсан зэрэг давуу талтай байдаг. Тэгвэл “LONGMAN ACTIVE STUDY ENGLISH DICTIONARY” толь бичиг нь хэрэглэхэд авсаархан ердөө хоёр мянган үгээр дөчин мянга гаруй үгийг тайлбарласан болохоор англи хэлээр ойлгох чадварыг батжуулахад тустай. Мөн “Longman”-ий цуврал хялбаршуулсан номуудыг түлхүү унших нь хэрэгтэй гэж боддог. Дэлхийн сонгодог зохиолуудыг цөөн үгээ товчилсон эдгээр зохиол нь сонирхолтойгоос гадна дотроо гурван зэрэглэлд хуваагдсан байдаг. Анхан шатны зохиол нь ердөө 450 хан үгэнд багтаан бичигдсэн бол хоёрдугаар шатны ном нь 800 орчим үгээр бичигдсэн. Тэгвэл гуравдугаар шатны номнууд нь 1200 орчим үгсээс бүтсэн байх жишээтэй. Манай хүмүүс хятад руу явахад төвөг чирэгдэлгүй учир хятад улсын Бээжингийн аль ч номын дэлгүүрээс ийм төрлийн болон өөр хялбаршуулсан номнуудыг худалдан авах боломжтой. Англи хятад хадмал орчуулгатай байдаг тул хятад хэлтэй монгол хүний хувьд уншихад бүр ч хялбар дөхөм байх юм. Манай “Толь бичигийн академи” ирэх жилээс ийм англи монгол хадмал орчуулгатай номнуудыг орчуулан хэвлэхээр төлөвлөж байгаа. Ийм хялбаршуулсан номнуудыг 5-7 хоногийн хугацаанд нэгийг уншаад байх боломжтой бөгөөд 40-50 ширхэг ном уншчихсан хүн англи хэлийг боломжийн түвшинд сурчихлаа гэж бардам хэлж болох юм. Манай “Гэгээ” гадаад хэлний дээд сургууль ирэх жилээс яг ийм сургалтын агуулгаар англи хэлний хичээл явуулахаар төлөвлөж байна. Иймд энэ аргаар англи хэлийг сурч эзэмших хүсэл сонирхолтой залуусын өмнө манай сургуулийн хаалга нээлттэй байна.


Төгсгөлийн үг

Би энэ бяцхан товхимлоор дамжуулан “Эртний монголын гэрийн сургалтын арга” болон гадаад хэлний мэдлэгийн талаарх өөрийн үзэл бодлыг та бүхэнтэй хуваалцлаа. Та бүхэн уншиж байх явцдаа өөрт хэрэгтэй арга зүй болон санаануудыг тогтоон авч өөрийнхөө нөхцөл боломжинд тохируулан хэрэглэнэ биз дээ. Миний өгүүлэх гэсэн гол санаа бол гадаад хэлийг сонирхон суралцагч хүмүүс оролдож хийгээгүй байж, элдэв бодол бусдын дам үгээр хий хоосон айдсыг буй болгосон байдаг. Үнэн хэрэг дээрээ хийж оролдоод эхлэвэл таны бодож байснаас хавьгүй бага бэрхшээлтэй байдаг юм шүү. Та ч гэсэн хэл сурах авьяастай. “Суут хүний ерэн есөн хувь нь хичээл зүтгэл, ганц хувь нь авьяас байдаг.” гэсэн алдарт зохион бүтээгч Эдисоны энэ үг гадаад хэл амжилттай сурсан хүнд яг тохирно гэдгийг л хэлэх гэсэн юм.
Манай “Гэгээ” гадаад хэлний дээд сургуулийн багш, оюутан нийт хамт олон өнгөрсөн хугацаанд “Гэрийн сургалтын аргыг” туршин хэрэгжүүлээд орчин үеийн нөхцөлд бүрэн тохирох юм байна гэдгийг олон зүйлээр батласан болохоор энэ тухайгаа нийгэм даяар зарлан тунхаглах нь энэ товхимлын өөр нэг зорилго юм. Бид энэ жилээс эхлэн хятад, япон, англи хэлний сургалтандаа энэ аргыг бүрэн утгаар нь хэрэгжүүлэх болно. “Гэрийн сургалтын аргыг” сэргээн хэрэгжүүлж чадсанаас гадна багшлах боловсон хүчний сайн багийг бүрдүүлж чадсан нь манай “Гэгээ” гадаад хэлний дээд сургуулийн өнгөрсөн дөрвөн жилийн хамгийн том ололт юм.
Бид өнөө ч боломжийн түвшинд сургалт явуулж байгаа боловч арван жилийн сургуулийг төгсөн ирж байгаа сурагчид зарим талаар тун хангалтгүй бэлтгэгдэж байгааг надаар хэлүүлтгүй мэдэж байгаа байх аа. Хэрвээ арван жилд сурах арга барилыг зохих ёсоор олгоод, сэтгэлийг нь тогтоогоод өгсөн байдаг бол үүнээс ч илүү их мэдлэгийг олгож болохсон. Энэ бүхнийг харгалзан үзээд “Гэрийн сургалтын аргыг” бүрэн утгаар нь хэрэгжүүлье гэсэн санаа өвөрлөж бид энэ жилээс “Гэгээ” гадаад хэл математикийн гүнзгийрүүлсэн сургалттай бүрэн дунд сургуулийг байгуулахаар холбогдох газраас зөвшөөрлийг нь гардан аваад байна. Энэ сургуульдаа бид долоон настай хүүхдийг элсүүлэн арван нэгэн жилийн хугацаанд хүмүүжүүлэн гаргана. Бидний төлөвлөж байгаагаар эхний дөрвөн жилд нь бид мэргэжилтэн багш нарын удирдлагаар хятад хэлний гүн бат мэдлэгийг олгоно. Тавдугаар ангиас нь англи япон хэлний аль нэгийг сонгон суралцуулж, арван нэгдүгээр анги төгстөл нь зэрэгцүүлэн зааж төгс эзэмшүүлэх болно. Хүүхдийн нас сэтгэхүйн онцлогийг харгалзан хүүхэлдэйн кино түлхүү үзүүлэх, зурагт үлгэр, хялбаршуулсан ном их хэмжээгээр бие даалган уншуулах зэрэгдээр дурдсан хөнгөн хялбар, зугаатай шалгарсан аргуудыг өргөн хэрэглэнэ. Ийнхүү бүрэн дунд сургуульдаа хоёр хэлний төгс мэдлэг эзэмшин бие даан сурах арга барилаа олж, математик сэтгэлгээтэй, ёс суртахууны өндөр хүмүүжилтэй болсон хүүхдүүд маань дээд сургуульд элсэн орж үргэлжлүүлэн нэгээс гурван гадаад хэлийг сайн сурсанаар өвөг дээдсийн гэрийн сургалтын аргаар таван хэл сургаж байсан сайхан уламжлалыг сэргээж улс нийгэмдээ хэрэгтэй чадалтай боловсон хүчин хүчнийг бэлтгэн гаргах боломжтой. Энэ бол амаргүй, хүнд зорилт. “Модыг арван жил ургуулдаг, хүнийг зуун жил хүмүүжүүлдэг.” гэсэн хятад ардын зүйр үг байдаг. Хүн насан туршдаа сурч боловсорч байх учиртай гэсэн үг л дээ. Төр засгийн дэмжлэг туслалцаа, сайн сургууль багшлах боловсон хүчин, ухаалаг эцэг эхийн оролцоо хамсаж байж сая ийм сод мэргэдийг бэлтгэн гаргах бололцоотой.